А.Оюунгэрэл: Мод тариад орхих биш, тарьсан модоо арчлах чухал

А.Оюунгэрэл: Мод тариад орхих биш, тарьсан модоо арчлах чухал
Энэ жил “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 10 жилийн ой тохиож байна. Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эко орчныг бүрдүүлэх зорилготой тус байгууллагын Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн албаны дарга, Ерөнхий инженер А.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Хоюулаа ярилцлагаа энэ байгууллагатай хэрхэн холбогдсон түүхээс тань эхэлье. Таны үндсэн мэргэжил юу вэ?  
-Би ой зүйч мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн ой судлалын ангийг ой зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд эхний 10 жил цэцэрлэгжилтийн компанид ажиллаж байлаа. Тухайн үед манайх шиг цэцэрлэгжилт төрийн өмчийн  байгууламж байсан. Тэнд техникчээс эхлээд агноромич хамгийн сүүлд ерөнхий инженерээр ажиллаж байгаад байгууллага хувьчлалд шилжээд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-дээ ажилд орсон доо.
-Арван жилийн туршлагатай хүнийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн удирдлагууд дуу нэгтэй хүлээн авсан биз?
-Би цэцэрлэгжилтийн компанид ажиллаж байхдаа 2009 оны тавдугаар сард Маршалын гарцны тэнд анхны шав тавигдахад модны ажилд гар бие оролцож байлаа. Удалгүй 2010 оны хавар багш маань Б.Саранчимэг даргатай ажил хэргийн шугамаар холбогдоод намайг очоод уулз гэсэн юм.  Би 2,3 удаа Б.Саранчимэг даргатай уулзсан. Тэгсэн миний хуучин цэцэрлэгжилтэд байсан бичлэгийг үзсэн юм билээ. Тэгээд “Хүүш ээ, би ер нь чамайг алдчих юм шиг байна. Чи манайд ирж ажилд ор” гээд урьсан. Үүнээс хойш 12 жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх “их айл”-тай амьдралаа холбож явна даа.
-Ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?  
-Би анх шав тавих үеэс л энэ бүтээн байгуулалтыг мэднэ. Тэр үеийн нөхцөл одоогийн тохижилт хоёр тэс өөр л дөө. Тухайн үед өвдөг давсан л шарилж байсан. Бид анх ажлаа хүлээн авч байх үед  шарилжин дотроос нь модоо тоолж авч байлаа. Ургамлан хашлагуудыг өвдөглөж сууж байгаад л тоолно. Одоо бол тэр хашлагууд надаас өндөр болжээ. Өдийг хүртэл нүдний өмнө бий болсон энэ  бүхнийг хараад бид хийж чаджээ гэх бодол хааяа зурсхийхэд үнэхээр бахархах сэтгэгдэл төрдөг юм. Мэдээж байгууллагын удирдлага, хамт олон, эрдэмтэн докторуудын зөвлөгөө  зэргээр маш олон хүний санал бүтээмж бий. Санал санаачлага гаргасан хүмүүс үргэлжлүүлээд хийж байгаа гээд тэгээс эхлээд хүний нүдэнд ногоортол харагдах буй бүхнээрээ бахархдаг. Өөрөөр хэлбэл хүнд харагдахаар болгож чадсандаа л баярлаж явдаг даа.
-Шав тавилцсан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл нөр их хөдөлмөр бас олон дурсамж  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрнөсөн байх даа?
-Тэгэлгүй яахав. Сайхан дурсамж, шижигнэсэн хөдөлмөр бүтээл арвин бий. Жишээлбэл, хамгийн анх бид 22 орон тоон дээр л цөөхүүлээ  ажилладаг байлаа. Гэхдээ тэр үед ирээдүйд яг ямар болохоо төсөөлөөгүй л  хүмүүс байсан. Тэгсэн хэрнээ эрч хүчтэй зогсолтгүй. Анхны тэр мэдрэмжүүд хамгийн гоё. Тэмцээн уралдаан гэхэд анхных, алдаа оноотой байсан ч их зүйл сурч авсан. Тэр үед нэг хүн маш олон ажлыг гүйцэтгэнэ. Даргын зөвлөх гэхэд зөвлөхөө хийнэ, хуулийн зөвлөхөө ч хийнэ. Бичиг хэрэг гэхэд л архиваа хийнэ гээд л нэг хүн маш олон ажлыг зэрэг гүйцэтгэдэг байсан. Тэр хэмжээгээрээ зогсолтгүй ажилладаг байж. Одоо ч гэсэн бүх хүн сэтгэлээсээ ажиллаж байгаа. Манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүс заавал мэргэжлийн ногоон байгууламжийн хүмүүс гэхгүй ч дандаа сэтгэл нь бадарсан, өөдөө тэмүүлсэн хүмүүс бий. Би тэднийг ургамалтай зүйрлэж боддог. Хаврын улирал боллоо гэхэд цэцэг навч дэлгэрч цаг агаар сайхан болдог. Энэ үед л манай хүмүүс тарина, арчилна, ургуулна шүү дээ. Тиймээс сэтгэл нь өөдрөг, сайхан бадрангуй хамт олон.
-Хааяа хажуугаар нь өнгөрөхөөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хэрэв  байгуулаагүй бол өдийд өндөр, өндөр барилга л сүндэрлэж байгаадаа гэж бодогддог юм.  Та үүнтэй санал нийлэх үү?
-Манай талбайд нийслэлийн 44 худаг байдаг. Үүнийг цэцэрлэгт хүрээлэн байгуулаад хамгаалаад авчихна гэдэг улсаас ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалтуудын нэг. Цэцэрлэгт хүрээлэн цаашдынхаа төлөвлөгөөнд өөрийн гэсэн арга барилтай болоосой гэж боддог. Улс улсын ногоон байгууламжийг бий болгох аргачлал өөр байдаг. Жишээлбэл Япон улс гэхэд зөвхөн ойрын зайнаас орчныхоо бүх юмыг харах боломжтой. Харин  Солонгост гэхэд зүлэгжүүлсэн талбайг зөвхөн хүүхэд сууна, тоглоно гээд намхан ургасан сөөгөөр битүү хамгаалсан байдаг. Европт дандаа шаталсан, эгнээлсэн яг л жагссан цэрэг шиг зохион байгуулалттай хийсэн байна. Бидний урд хөрш Хятад улсад баатарлаг, сүр хүчтэй, баатрын, амьтдын дүрстэй байх юм. Магадгүй манай хүрээлэн цаашдаа монгол ёс заншлаа харуулсан байдлаар бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсдэг. Монгол ёс заншил гэхээр учиргүй хуяг дуулгатай баатрууд биш, ургамал тарилт, арга барил, онцлогоо гаргаасай гэж боддог. Хошин шогт Япончууд сумо барилдахаараа жижигхэн тойрогтоо багтаж яддаг. Харин манай монголчууд хөндий талаар нэг барилддаг гэдэг шиг одоо ингээд моддоо харахад талаар нэг тараачихсан ч юм шиг санагддаг шүү. /Инээв/ Гэхдээ бас нэг талаараа зарим хэсэгтээ ийм байх нь зүгээр л дээ.
-Уг нь манайхан нэг үеэ бодвол ногоон байгууламжид хайртай л болоод байх шиг? Мод тарих өдрийг  байгууллага хамт олноороо, гэр бүлээрээ олноор зохиох болж.  
-Мод тарих өдрийг бол олон газар зохион байгуулдаг болсон. Гэхдээ яг масс ихтэйгээр бол манай байгууллага л оролцуулдаг. Масс ихтэй оролцож байгаагийн хувьд бидэнд ачаалал нэмэгдэж байгаа боловч хүмүүс байгаль орчиндоо анхаарч, мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа нь сайн гэж талархан хүлээж авдаг. Модыг зөвхөн тариад орхичихдоггүй. Дараа нь хамгийн гол нь сайн арчилж байх хэрэгтэй. Бид мод арчилгааны 3 жилийн төлбөрийг урьдчилж авдаг болсон. Гэхдээ ийнхүү  арчилгааны зардлыг бид урьдчилж авах нь байх нь зөв үү, эсвэл тэр хүмүүсийг арчлах ажилд нь оролцуулж байх нь оновчтой юу гэдгийг  бас л бодох ёстой. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн турш модоо арчилж, усалж ургуулна гэдэг ямар амаргүй ажил байдгийг тодорхой хэмжээнд мэдрүүлж оролцуулмаар санагддаг. 100 мод тарилаа гэхэд усалгааг нь бид хийе гэдэг ч юм уу. 99 хувьд нь бид ажиллаж байхад 1 модоо ч болов арчлаад үзье гэхэд нээлттэй байя гэж боддог. Манай байгууллага бас арчилгааны жил гэж зохион байгуулдаг.  Хүмүүс ирж усалгаа хийчихээд л болчихлоо гэж боддог. Гэтэл яг зуны халуунд хорхой идчихвэл яадаг вэ. Хорхойд идүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах талаар өөрсдөө хавар намартаа ирээд анхаардаг, эргэх холбоотой л баймаар.
-Модоо арчлах боломж иргэн бүрт нээлттэй гэж үү?    
-Тийм ээ. Жишээ нь манайд Шири Ширигийн талбай гэж бий.  Эзэд нь тарьсан модоо дандаа эргэж тойрдог. Хэзээ ч хамаагүй ирээд зэрлэгээ зулгаана. Манайхан зэрлэгийг нь зулгаагаад цэвэрлэчихсэн байхад л хогийг нь шүүрдээд цэвэрлээд явдаг.  Сайхан санагддаг шүү.
-Танай хүрээлэнд ямар төрлийн мод таривал илүү ургадаг вэ?
-Анх мод тарилтын төлөвлөгөөгөөр 20 гаруй зүйлийн модноос хүмүүс өөрсдөө сонгоод тарьдаг байсан. Харин сүүлийн үед бид 25 га газраас цаашаа гарах боломжгүй байгаа учраас ундны ус, экологи сэргээх, ойжуулах зорилгоор тарилтуудыг хийлгэж байна. Ямар төрлийн модыг тарьдаг вэ гэвэл Туул голын ундны эх үүсвэрийн дагуу Чацаргана, Хайлаас, Бургас, Улиас гэсэн модыг зонхилж тарьвал тохиромжтой. Цаашаа төлөвлөгөө гаргавал өөр моднуудыг тариалж болох байх.
-Та “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дараагийн 10 жилийг хэрхэн харж байна вэ?
-Эхний 10 жил бүх юмны эхлэлийг тодорхой хэмжээнд тавиад өглөө. Мод ургамлын хувьд ч өсвөр нас руугаа орлоо. Харин дараагийн шатанд хэрхэн хэвийн байлгах, дэлгэрүүлж хөгжүүлэх асуудал өрнөж байна. Одоо хөгжүүлэх 10 жил эхэллээ.  Манайхыг зөвхөн зуны  улиралд ажиллаад бусад үед ажилладаггүй гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Гэтэл үгүй. Жилийн дөрвөн улиралд, өвөл  ч бид тасралтгүй  ажилладаг. Энэ хандлага, ойлголтыг ирэх жилүүдэд өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд бид өвөл үйл ажиллагаа явуулдаг, өвлийн хүлэмжтэй, ногоон байдлаа дөрвөн улирлын эргэлттэй болгоход анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Төлөвлөгөөнд ч хэдийнэ багтсан. Цаашдын ажлаа массаар нэмэгдүүлж, зөвхөн ногоон байгууламж, амарч зугаалах гэхээс илүүтэй хувь хүн экологийн талын мэдээлэлтэй болоод буцдаг болгоосой гэж бодож байна.
-Экологийн талын мэдээлэл гэснээс  та бүхэн  ер нь залуу үеийнхэнд экологийн боловсролыг хэрхэн олгох вэ?
-Төлөвлөсөн. Зохион байгууллалттайгаар хөтөлбөр гаргаж байгаа. Цаашид батлагдвал удахгүй хэрэгжиж эхэлнэ.
-Та өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо хуваалцаж болох уу?
-Нэг сэтгүүлч надаас найман жилийн өмнө “Таны ойрын хугацааны мөрөөдөл юу вэ” гэж асууж билээ. Тэр үед бид 183 га газрын ерөнхий төлөвлөгөө гаргасан байлаа. Тиймээс 183 га газраа л цэцэрлэгжүүлчихвэл Азидаа тэргүүлэх орон зай бүхий ногоон байгууламжтай болох боломжтой гэж хэлж байсан. Зөвхөн 25 га талбайдаа ажилладаг байхдаа шүү дээ. Одоо ингээд бодоход биелчихсэн байгаа юм. Тэр үед бага талбайтай газар ажиллаж байсан болохоор их том санагдаж байсан. Харин одоо бол 973 га цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж байгаа. Тэгэхээр миний цаашдын мөрөөдөл, зорилго гэвэл 973 га газраа 100 хувь ногооруулаад ногоон байгууламжтай болчихвол өгөөжтэй, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх том ажил болно.  
-Таны энэ мөрөөдөл биелэхэд хэдий хэр хугацаа шаардагдах бол?
-Одоогийн явцаар бол хэцүү л дээ. Ойролцоогоор 40, 50 жилийн хөдөлмөр төсөөлөгдөж байна. Гэхдээ арга барилаа өөрчлөөд, дээд шатны байгууллагаас дэмжээд, тал талын оролцоотойгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтарвал ойрхон.  
-Мэргэжлийн байгууллагууд хэр зэрэг хамтарч, дэмжиж ажилладаг вэ?
-Нийслэлийн байгууллагууд бүгдээрээ хамтарч ажилладаг. Гэхдээ яг мэргэжлийнхээ байгууллагын гүйцэтгэлтэй холбоотойгоор манай яам, нийслэлийн байгаль хамгаалах газар, усны газрууд  илүү сайн хамтарч ажилламаар санагддаг.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач.  Таньтай адил мэргэжилтэй хүн гэж сонссон?  
-Манай гэр бүлийн хүн ХААИС-ийг ой судлалын мэргэжлээр төгссөн, Мөнхжигүүр гэж хүн бий.  Бид хоёр нэг мэргэжлийн хүмүүс.  Цэцэрлэгжилт компанид хамт ажиллаж байхдаа танилцаж байлаа. Мэргэжил нэгтэй учир намайг хамгийн сайн ойлгодог. Ажил мэргэжлийн хувьд ч гэсэн гарц гаргалгаа, зөвлөгөө өгнө. Би докторантынхаа судалгааг гүйцээж, докторын зэргээ хамгаалчихаад хайртай  гэр бүл, ханьтайгаа амар тайван амьдарч, үр хүүхдээ зөв сайхан амьдрахыг л харахыг хүсч байна даа.
-Ярилцлагынхаа төгсгөлд ой судлаач хүний хувьд хүмүүст уриалга хэлэхгүй юу?
-Хүн амарч зугаалж болно. Хамгийн гол нь энэ бүтээн байгуулсан ногоон байгууламжаа эко байлгахын тулд цэвэрхэн байлгах ёстой. Гоё сайхан мод ногоо тарьж байгаа, эрүүл мэнддээ анхаарч байгаа бол хогоо ил задгай хаяхгүй л байвал сайн. Тамхины иш хүртэл хог шүү гэдгийг хүмүүс анхаарах хэрэгтэй. Сайхан агаарлаад, гоё сайхан цэцэг навч мод ургамал үзлээ гээд эко аялал болчихгүй. Хаяж байгаа хогондоо хүртэл анхаарч байх хэрэгтэй.  Хүн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая. Дашрамд хэлэхэд, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнг бүтээн байгуулахад оролцсон хамт олондоо, хамтрагч байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүддээ  “Хайрлаж ургуулсан 10 жил “-ийн ойн баярын мэнд хүргэе. 
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ