Докторантын бүрдүүлэх материалын тоог цөөлж, цахимжуулах зохицуулалт хийлээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа. Энэхүү дүрэмд хамгаалуулах зөвлөлд тодорхой зохицуулалтыг шинэчлэн оруулж, чанартай докторын ажил, докторыг бэлтгэн гаргахад анхаарч байна.
Хамгаалуулах зөвлөлийг түшиглэх их сургуульд тухайн хамгаалуулах чиглэлээр докторын сургалт эрхэлдэг байх, тус чиглэлээр докторын зэрэгтэй 5-аас доошгүй үндсэн багштай байх, мөн докторын сургалт эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 2-оос доошгүй удаагийн төгсөлт хийсэн байх зэрэг шаардлагыг тавихаар шинэ дүрэмд тусгасан.
Харин хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 3 жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 1-ээс доошгүй, хянан, магадлагаа хийгддэг гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 2-оос доошгүй өгүүллийг зохиогч, эсвэл холбоо баригч зохиогчоор хэвлүүлсэн байхаар тусгасан байна. Мөн докторантын ажлыг удирдаж, доктор хамгаалуулсан байх шинэ шаардлага тавьж байгаа юм.
Дүрэмд шинээр тусаж буй өөр нэг зохицуулалт бол жинхэнэ хамгаалалтаас өмнө докторын судалгааны ажлын урьдчилсан хамгаалалтыг хамгаалуулах зөвлөлийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ. Үүнээс гадна докторын ажлыг хамгаалах зарыг 10 хоногийн өмнө цахим хуудаст байршуулах, докторантын бүрдүүлэх материалыг 16 байсныг 10 болгон цөөрүүлж цахимжуулах, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг 42 байсныг 32 болгон цөөрүүлэх, зөвлөлийн орлогч даргыг сайдын тушаалаар томилдог байсныг өөрчилж, зөвлөлийн гишүүдийн дотроос нэр дэвшүүлж томилох зэрэг зохицуулалтыг тус тус оруулж өгсөн байна.
Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг эндээс харна уу.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ