Вакцин хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, хоёрдугаар сарын 23-ны өдөр анхны тунг хийлгэсэн. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэсэн юм.
Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өнөөдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байгааг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр “Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно.
Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.  Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэндээ 4-р сард вакцины эхний тунг хийж, тавдугаар сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид Ковид19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март” гэжээ.
Монгол Улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулж байгаа юм.
Тиймээс вакцин хийлгэсэн ч иргэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалах үүрэг, хариуцлага ногдож байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ