Эхний ээлжийн 150 мянган тун английн оксфордын "Астразенека" вакциныг татаж авлаа
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын "АстраЗенека" вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсний дараа ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөв. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдээ вакцинд хамруулах юм. Маргааш буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлахтай зэрэгцэн вакцинжуулалт эхэлнэ.“АстраЗенека” компанийн вакциныг ДЭМБ 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэж авснаа албан ёсоор зарласан. Мөн Европын эмийн агентлаг (EMA)-аас “АстраЗенека” компанийн вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглээнд гаргах зөвлөмжийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосныг мөн өдөр Европын комисс албажуулсан байна. “АстраЗенека” нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсхүл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар нотлогдсон. Өнөөдрийн байдлаар 42 орон энэ вакциныг хэрэглэж эхлээд байна.