С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргана
Ерөнхийлөгч Х.Баттулга С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг улсын нууцаас гаргах хүсэлт тавиад байсан билээ. Тэгвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан жиргэлээ. Ингэхдээ “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж жиргэсэн юм. Энэ талаар хуульч Б.Мэргэн “С.Зоригийн хэргийг бүхэлд нь буюу бүх материалыг ил болгоно гэсэн юм байна аа. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг, ҮАБЗ-д танилцуулсан протокол, хэн хэргийг илрүүлэхгүй талаар хөөцөлдөж байсан тухай гүйцэтгэх ажлын баримтууд ил болж байж бүх бузар булай илчлэгдэх учиртай” гэж жиргэсэн юм.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргана
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх зүйл заалтаар Улсын дээд шүүх өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 000 төгрөгөөр тогтоов.
Ингэснээр бас л ойлгомжгүй асуудал үүсч байна. Ямартай ч С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материал улсын нууцаас гарсанаар энэ хэрэг олон нийтийн дунд ил болж, маргалдагч талуудын асуудлыг нэг мөр шийднэ гэх хүлээлт бий болов.