Авто замын засвар, гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга угсралтын талбайн түр хашааг стандарт норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудын зөрчлийг арилгах ажил хийлээ. Мөн ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, зөрчлийг арилгах, өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр нь хийж, зөрчлийг арилгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.
Түүнчлэн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 35 байршилд үзлэг шалгалт хийж, хоёр байршилд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсгүүдэд 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийлээ. Авто замын гүүрний хэсэгт 1000 кг давс, бодис цацсан бөгөөд 36-р байрны гарааш усанд автсан тул 2820 шоо метр усыг машинаар соруулж, 2220 шоо метр усыг насосоор соруулан зайлуулж, яаралтай арга хэмжээ авч ажилласан. Мөн Сүхбаатар дүүргийн 18-р хороо Гүнжийн булаг орчмын уулын цас, мөс хайлж, шар усны үер айл өрх рүү халихаас сэргийлэн 0.8 метр гүн 1.2 метр өргөн 510 метр урт суваг татан, шаардлагатай арга хэмжээг авсан байна.