Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна
Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
-60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн үндэсний төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг учир нэрс нь тодорхой байдаг. Тиймээс дархлаажуулалтыг олон нийтийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохион байгуулж байна. Сүхбаатар дүүргийн нэг цэгийг Геронтологийн үндэсний төв хариуцан 11 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа. Дээрх шалтгаантай иргэдийн нэрс дүүрэг, хороогоороо гарчихсан байгаа учраас нэг автобусанд 20 хүн байхаар төлөвлөж, иргэдийг автобусаар зөөж дархлаажуулж байна. Тухайн автобусанд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хоёр ажилтан өндөр настнуудад тусалж, вакцинжуулалтын цэгт очиход эмчийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлж, вакцин хийлгэсний дараа гэрт нь хүргэж өгч үйлчилнэ. Эхний 20 хүн вакцинаа хийлгэж дууссаны дараа дараагийн автобустай 20 хүн ирэхээр зохион байгуулсан. Ямар ч дараалал үүсэхгүй. Ахмадуудад ачаалал, эрсдэл үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байгаа. Давтан тун хийлгэх болон 60-аас дээш настай боловч архаг хууч өвчингүй, зорилтот бүлгийн биш ахмадууд энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдахгүй. Хөл хорио тавигдсаны дараа эдгээр иргэд вакцинжуулалтад хамрагдана.
-Эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах иргэдийг гэр бүлийн хүмүүс нь дархлаажуулалтын цэгт хүргэж өгч болох уу?
-Тусгайлан гаргасан автобусанд хамт явж болно. Харин хувийн унаагаараа хүргэж өгөх бол хэсгийн ахлагч, улаан загалмайн ажилтнууд зэрэг вакцинжуулалтын цэгт ажиллаж байгаа хүмүүстэй ярьж, тохирох хэрэгтэй. Гэхдээ дуртай цагтаа биш, вакцинжуулалт хийх хуваарийн дагуу очих шаардлагатай.
-Эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах 60-аас дээш насны хэчнээн иргэн байгаа вэ. Дээрх иргэдэд автобусаар үйлчилнэ гэлээ. Үйлчилгээнд нийт хэчнээн автобус явах вэ?
-Дүүрэг бүрд гурван автобус үйлчилгээнд явна. Эрүүл мэндийн 4-р бүлгийн, өндөр настай 5800 гаруй иргэний бүртгэл бий. Вакцинжуулалт сайн дурынх учир дээрх иргэдтэй холбогдон вакцин хийлгэх үгүйг нь тодруулж, вакцин хийлгэх иргэдийг хуваарьт оруулан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ удаагийн дархлаажуулалтад зөвхөн эрүүл мэндийн 4-р бүлгийн шалтгаантай 60-аас дээш насны иргэд хамрагдана гэдгийг дахин хэлье. Дархлаажуулалт анх эхлэхэд халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүс, олон хүнтэй харьцдаг худалдаа үйлчилгээний газар ажилладаг иргэдээ, дараа нь 50-аас дээш насны иргэдээ хамруулсан. Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд болон хоёрдугаар тунгаа хийлгэх иргэд хөл хорио тавигдсаны дараа вакцинаа хийлгэх боломжтой. Бид суурин 120 цэг, явуулын 40 цэг ажиллуулах бэлтгэлээ бүрэн хангасан.
-Хөл хорионы үед иргэд хэрхэн ПСР шинжилгээ өгөх вэ?
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрд хоёр, бусад дүүрэгт нэг шинжилгээний цэг тогтмол ажиллаж байна. Өмнө нь шинжилгээ өгөх иргэд eruul.gerege.mn сайтаар цаг авдаг байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан урьдчилан цаг авах ажил түр зогссон. Буяны ажил болон зайлшгүй шаардлага гарсан иргэд бичиг баримтаа үзүүлж, дүүргүүдэд ажиллаж байгаа цэгүүдэд шинжилгээ өгч болно. Шинжилгээ авах цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
-Явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа юу?
-Явуулын шинжилгээний цэг Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Энэ нь шалган нэвтрэх товчоогоор нэвтрэх хүнс болон ачаа тээврийн жолооч нарт илүү ойртож ажиллаж байгаа юм.
-Ойрын хавьтал болсон иргэд хэрхэн шинжилгээ өгөх вэ?
-Өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлнэ. Мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлно. Ойрын хавьтал мөн болох нь тогтоогдсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Гурав дахь болон найм дахь өдөрт нь тандалтын баг гэрт нь очиж, шинжилгээ авна. Мөн утсаар биеийн байдлыг тогтмол асууж байгаа. Хэрэв халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчдээ хандах хэрэгтэй. Халдвар авсан нь батлагдвал гэрт нь тусгаарлах уу, эмнэлэгт тусгаарлах уу гэдгийг шийднэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС