"Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх хэсгийн хороог камержуулна"
УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах юм.
Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг ашиглахад бэлэн болгосон бөгөөд сонгуулийн дүн дамжуулах сүлжээний судалгаа, санал авах байруудад байрлуулах хяналтын камерын бэлэн байдлыг хангахтай холбоотой бэлтгэл ажлууд хийж байгаа аж.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь санал авах бүх хэсгийн хороог камержуулах юм. Камерт тухайн хэсгийн хорооны үйл ажиллагааг буулгана. Гэхдээ сонгогчийн саналаа нууцаар илэрхийлэх эрхэд халдахгүй байхаар камерыг байршуулна" гэлээ.