Шаардлагатай бол санал тоолох төхөөрөмж нэмж авах боломжтой

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл, хуульд заасан тодорхой цаг хугацаатай ажлуудыг зохион байгуулах хуваарийг баталснаа танилцууллаа.
СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Төлөвлөгөөний дагуу ээлжит сонгуультай холбоотой 14 журам, 3 заавар болон бусад маягтыг энэ оны 2-3 сард батална. Улсын хэмжээнд 340 орчим Сонгуулийн хороо байгуулна. Харин дөрөвдүгээр сард 21 аймаг, нийслэл болон сум, дүүргийн Сонгуулийн хороодыг байгуулахаар төлөвлөсөн. Тэдгээрт СЕХ-ны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 25-26 мянган албан хаагч ажиллана” гэдгийг мэдээлж байлаа.
Мөн улсын хэмжээнд 2000 орчим Сонгуулийн хэсгийн хороог тавдугаар сарын 15-наас өмнө байгуулахаар төлөвлөсөн байна. Тэрбээр цааш нь “УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 25-наас өмнө СЕХ-нд бүртгүүлсэн байх ёстой. Нам, эвслийг бүртгэх эсэхийг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө СЕХ шийдвэрлэнэ. Үүний дараа нам, эвслийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа байгаа. Өөрөөр хэлбэл, нам, эвслүүд 5 сарын 10-16-ны хооронд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сурталчилгаа эхэлнэ. Санал тоолох 2500 төхөөрөмжийг 2012 онд авснаас хойш зургаан удаа сонгуульд ашигласан байна. Шаардлагатай гэж үзвэл нэмж авах боломжтой” гэлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн цахим хуудас, нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрсдийнх нь албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр явуулах явуулах боломжтой. Ингэхдээ сурталчилгаа цацах цахим хуудсаа Сонгуулийн хороондоо бүртгүүлэх ёстой гэдгийг СЕХ-ноос анхаарууллаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ