УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд үг хэлж, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь" нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Мөн чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав.
УИХ-ын даргын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг товчлон толилуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд хэлсэн үг
Нэгдсэн хуралдаан: "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь"
(2020.01.15 Канберра хот)
Эрхэм парламентчид аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Юуны түрүүнд, бид бүхний санаа зовних нийтлэг асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэлэлцүүлэхээр дэлхийн парламентчдыг хамтад нь хуран цуглуулдаг чухал уулзалт болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын 28 дугаар чуулганыг зохион байгуулж буй Австралийн парламентад төлөөлөгчдийнхөө гүн талархлыг илэрхийлье. Миний бие 2011 онд Гадаад харилцааны сайд байх үеэсээ хойш буюу АНДОП-ын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаас хойш Чуулганы талаар ийм дүгнэлттэй болсон юм.
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг үндэслэгч, Япон Улсын Ерөнхий сайд асан, ноён Ясухиро Накасонэ таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын болон өөрийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Элэгсгээр хүлээн авч буй зохион байгуулагч улсад талархал илэрхийлэхийн сацуу хүний амь эрсдэж, хүрээлэн буй орчныг сүйрүүлсэн энэ хүнд үетэй тулгарсанд нь Австралийн Холбооны Улсад гүн эмгэнэл илэрхийлье. Монголчуудын залбирал, харуусал амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гашуудлыг хуваалцаж байгаа болно.
Хүндэт парламентчид аа,
Олон янзын бэрхшээл дагуулдаг бүх төрлийн гамшгийн өмнө бид бүгдээрээ хүчин мөхөс. Харамсалтай нь тэдгээрийн зарим нь биднээс, хүмүүсээс болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлд бүс нутаг, улс орон бүр тодорхой хэмжээнд автаж байгаа ба зарим нь үүнд бусдаасаа илүү нэрвэгдэж байна. Монгол Улс ч өөрийн оршиж буй газарзүйн тодорхой байршил, эх газрын эрс тэс уур амьсгал, мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг өрөөсгөл эдийн засагтайгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд мөн өртөмтгий. Цөлжилт, бэлчээрийн талхлагдал, ган, зуд, усны болон ойн нөөцийн хомсдол, агаарын бохирдол зэрэг нь Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсыг тогтвортой хөгжлөөр хангах гол тулгуур бодлогын нэг хэмээн 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын Их Хурал дотоодын төдийгүй дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох аргуудын нэгийг ашиглан хоёрхон сарын өмнө Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын арга байсан бөгөөд бид өөрсдийн туршлагаа хуваалцахдаа баяртай байх болно.
Парламентчид туршлагаа хуваалцах, солилцох замаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэдэг.
Парисын хэлэлцээрт нэгдсэний хувьд Монгол Улс салбарын хэмжээнд илүү санаачилгатай хийгээд эдийн засгийн өргөн цар хүрээтэй зорилтыг тодорхойлох замаар "Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн баримт бичгийг боловсруулсан. Тус баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас "Дасан зохицох төлөвлөгөө”, "Ойн салбар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах Үндэсний төлөвлөгөө”, нийслэл хотын түвшинд ҮТХН-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг чухал бодлогыг боловсруулж байна.
Үүний зэрэгцээ, Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх гол салбаруудыг хамарсан 2050 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан. Энэ зууны дунд үе гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулсан байдалд хүрч чадах, урт хугацааны энэхүү стратегитай ҮТХН-ийн зорилт нь бүрэн нийцэж байна.
Бодлогыг дэмжих хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улс ҮТХН-ийн Түншлэлтэй идэвхтэй хамтран ажиллаж, "COP25”-ын даргалагчийн санаачилсан "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах эвсэл”-д саяхан нэгдсэн.
Эрхэм төлөөлөгчид өө,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлт ба түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд хөгжингүй орнууд тэргүүлэх байр суурь эзлэх нь зүйтэй. Гэхдээ хөгжиж буй орнууд ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтийн тухай үндэсний бодлогоо баталж, НҮБ-ын холбогдох олон улсын гэрээ, түүний дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийг хэрэгжүүлэх замаар өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ялангуяа цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий хөгжиж буй орнуудад ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ боломжийг ашиглан Ази, Номхон далайн гишүүн орнуудыг нийтлэг зорилгодоо хүрэхэд шаардагдах төсвийг хамтран бүрдүүлэхийг уриалж байна.
Төгсгөлд нь хэлэхэд, дэлхий ертөнцийг хойч үедээ өвлүүлэн, амьд ертөнцийн аюулгүй байдлыг хангах илүү дорвитой зорилт бүхий уур амьсгалын чиглэлээрх тодорхой арга хэмжээ авахыг Ази, Номхон далайн бүх парламентчдаас хүсэж байна. Энэ он олон улсын хурцадмал байдал, хүмүүнлэгийн болон экологийн гамшгаар эхэлж байгаа хэдий ч парламентын гишүүд бидний хүчин чармайлтаар хөгжил дэвшилд хүрсэн 2020 он байхын төлөө зорьж ажиллацгаая. Учир нь парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ