Вакцины тун хоорондын зайг хойшлуулах нь иргэдийн эрхийг зөрчинө гэж үзжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүний нөөцийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар төлөвлөх, эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, дарамт шахалт үзүүлэхгүй байх, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилах асуудлыг хөнджээ
Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчигдөхөд хүргэх тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөжээ. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлах нөхцөл болохгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс зөвлөмждөө тусгасан байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ