ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй гэж хэлж чадсангүй
Монголын төр, засгийн толгой дээр гарч суучихаад зайдагнаж байгаа МАН-ынхан нэг хэвийн амлалт голлосон мөрийн хөтөлбөрөөр бамбай хийж далд дам наймаагаар сонгуульд ялалт авдаг бараан туршлагын эзэд юм.
Энэ жил болох сонгуульд ч мөн л тийм аргаа хэрэглэх янзтай байна. Саяхан тус намын УИХ дахь бүлэг ээлжит бус хурлаараа 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшигчдийг тодруулах зарчмаа хэлэлцжээ. Энэ тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярихдаа:
-Манай намын дарга бүлгийн хурал дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив буюу дэнчингийн мөнгө авахгүй гэж мэдэгдсэн.
Энэ нь сонгуульд нам амжилт үзүүллээ гэхэд хүмүүсээ албан тушаалд томилохдоо өгсөн хандивын хэмжээнд тохирсон ажил алба өгөх болдог хандлагыг таслан зогсоохын тулд хийж буй ажил гэж хэлэв. Түүний үг нь зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчийг санагдуулав.
Өмнө нь эднийхэн сайдаас эхлээд бүхий л албан тушаалыг мөнгөөр үнэлдэг болгосон нь аль хэдийнэ илчлэгдсэн асуудал. Үүнийгээ үнэн гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга нь яг л нотолчих шиг боллоо. МАН-ынхан нэр дэвшигчдээсээ хандивыг авахын дээдээр авдаг байсан шүү дээ. Гэтэл энэ жил авахгүй ээ гэж байгаа нь тун үнэмшил муутай байгаа юм. Мөнгө авахгүй гэж байгаад нөгөө 60 тэрбумынх шигээ юмаа хийж магад харж л байгаарай. Бас их цэвэрхэн юм яриад байгаа юм даа. Намуудад мөнгө хандивлаж байж сонгуульд нэр дэвших эрхээ авдаг гэсэн ойлголт байсаар ирсэн. Тэгвэл МАН энэ арга барилаас татгалзлаа гэж зарлаж байна. Энэ нь өрсөлдөгч Ардчилсан намынхан нэр дэвшигчдээсээ 100 саяын хандив авна гэхтэй зэрэгцээд юуны өмнө ялгарах гэсэн оролдлогоо хийж байгаа санаа юм биз. Санаа ч гэж дээ энэ намынхны ээлжит заль ч байж болох. АН-ын дарга С.Эрдэнийн хэлж байгаагаар МАН-ынхан төр, засгийн эрхэнд байгаа болохоор татвар төлөгчдийн мөнгөөр сонгуульдана даа гэдэг ч ортой болов уу.
Бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь бас энэ нам ёс зүйтэй улстөрчдөө сонгуульд нэр дэвшүүлнэ гэж шийдвэрлэжээ. Тэр тухай сонсоход тус намын ажил албанд шинэ салхи орж байгаа мэт санагдах ч худлаа даа. Зүгээр нэг эртхэнээс өнгөлөн далдлалт маягийн юм хийж байгаа нь мэдрэгдэх шиг. Яагаад гэл дээ. Өнөөгийн УИХ-д энэ нам 64 суудалтай. Анх 65 суудал авсан ч нэгийнх нь эзэн эрүүгийн ноцтой бөгөөд булай хэрэг үйлдсэний учир шоронд орсон. Түүний ор хүнийг тодруулж нөхөн сонгууль явуулах гэхээр өөр намын нөхөр гарч ирэхээс айгаад элдэв арга саам хийсээр сонгуулийн дөрвөн жилийг дуусгаж байгаа. За тэгээд үлдсэн 64-өөс хэн нь энэ жилийн сонгуульд дахин нэр дэвших юм бол гээд бодлоо.
Сураг ажиг тавихад өнөөгийн түшээдийн олонхи нэр дэвших санаатай байгаа юм билээ. Гэтэл хөндлөнгөөс харахад нэр дэвших байх гэх магадлалтай нь тун цөөн болов уу гэхээр. Яагаад цөөн гээд байгаа юм бэ гэвэл эдний намаас сонгогдсон түшээдийн тал илүү буюу 30 гаруй нь ЖДҮ-чин “цолтой”. Ний нуугүй хэлэхэд хууль зөрчсөн гэмтнүүд шүү дээ. Тэднийг ёс зүйтэй улстөрч гэж хэн ч хэлэхгүй. Харин бүрэн эрх гэдэг нуувчиндаа хоргодсон хууль зөрчигчид гэхэд онох байх.
Намаараа бүлэглэж үгсэн хуйвалдаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг зээл нэрээр хувааж авсан нөхдийг зөвхөн ёс зүйгүй гэж нэрлэхэд багадах биз. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ер нь яаж тэр үгийг хэлж чадваа гэж олон хүн гайхаж байна. Тэр өөрөө бас ЖДҮ-чин. Цаашлаад намын дарга нь хүртэл тэрхүү нэрийн жагсаалтад бичигдчихсэн болохоор тодорхой юм хэлж чадахгүй нь мэдээж л дээ. Хэлж чадлаа ч худлаа үг болно. Мөн бүлгийн хурал дээрээ зөвхөн суурь судалгааны үндсэн дээр намын шат шатны байгууллагын хэмжээнд ярилцаж байж нэр дэвшигчээ тодруулна гэж ярьсан гэх. Уг судалгаандаа нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн рейтингийг харж үзэх гэсэн бас нэг “поохуутай” үг хавчуулжээ. Эндээс өнөөгийн түшээдээс хэн нэгнийг нутаг орондоо нэр хүндтэй хүн гээд л нэр дэвшүүлэх болно гэсэн аялга сонсогдоод байна.
Тухайлбал, 60 тэрбумын хэргийн улмаас УИХ-ын даргаасаа огцорсон М.Энхболдыг Төв аймагт нь сойх л янзтай. Энэ хүн намынхаа журмын нөхөд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шорон руу түлхэж хаячихаад гэмгүй царайлаад дүмбийгээд сууж байгаа. Мань хүнийг намын дарга нь байсны учир тэр 60 тэрбумын хэргийг мэдээгүй, хамсан оролцоогүй гэхэд хэн үнэмших юм бэ. Тэгвэл ЖДҮХС-гаас зээл авч хууль бус хэрэгт оролцоогүй ч хариуцсан салбарынх нь ажил муу, басхүү Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эхлэлийг тавилцсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж ёс зүйтэй хүн мөн үү. Өөрсдөө хууль сахиулах үүрэгтэй 10 гаруй хуульч нь авлигын хэрэгт татагдчихсан. Энэ гэмт хэргийнхээ улмаас шоронд нэг нь амиа хорлож, зарим нь гадаад руу зугатаад явчихсан ийм л салбарын сайд хүн шүү дээ гээд бодохоор.
Шүүх, прокурорынхны ажил үнэхээр дампуурсан гэж хэлэхэд ононо. Одоо гэхэд Улсын ерөнхий прокурорын албанд томилогдсон хүн нь хүртэл ажлаа бараг хийхгүй байгаа. Тэр хүн энэ салбарынхантай дөрөө нийлэхгүй гэж үзсэнээс тэр байх. Хэрэг хянан шийдвэрлэх гол ажил олон жилээр орхигдож гэмтнүүдийг ял завших боломж олгож байна.
“Жаст”-ын Батхүүгийн гэх дуулиантай хэргийг зургаан жил гаруй шалгаж байгаа ч шийдвэрлэж чадахгүй байгаа. ЗТХЯ-ны байранд гарсан хүн амины барин тавин хэргийг жил гаруй хугацаанд шалгаж байгаа гээд л өдий хүрлээ. Цаашлаад Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ч шалгасаар байгаа гэх. Шалгаж байх хооронд оргож зайлсан нь бий. Энэ бүхнийг Ц.Нямдорж сайд хүлээн зөвшөөрч байгаа ч:
-Миний хувьд мөрдөн шалгах ажилд оролцох хууль зүйн хувьд эрхгүй юм шүү дээ гээд өөрийгөө цагаатгаж хариуцлагаас зайлсхийн сууна. Гэтэл бас мань хүн Орхон аймагт нэр дэвших санаатай юм байх. С.Зоригийн хэргээр оролдоод байсны нууц нь тэр байж.
Ердөө хоёрхон хүний талаар гэмийг нь хэлэхэд ийм.
-Танай нам ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон улстөрчдөө нэр дэвшүүлэх үү гэсэн асуултад Д.Амарбаясгалан хариулт өгөхдөө:
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алдаа дутагдал гаргасан гишүүд бий гээд зарим нь хоморгонд орсон байдлаар нэр төр нь сэвтсэн асуудал байгаа гэж гэмийг зөөлрүүлэхийг оролджээ.
Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн хүрээнд авч үзэх юм бол үнэн зөвөөр судалж, ул суурьтай хандах юм бол УИХ-ынхнаас нэр дэвшигч тун цөөн гарнаа даа. Ер нь МАН-ын дотор албан тушаалын сахилга бат алдагчид, авлигын эзэн тун олон. Энэ жишээнд Зам, тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд харьяа агентлаг, газруудын удирдах албаны олон хүн авлигын хэрэгт шүүгдэж байгааг хэлж болно.
Мөн яамныхаа байранд архидан согтуурч нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг ч эндээс л гарсан. Тэр буруутнууд МАН-ын шилж сонгож томилсон боловсон хүчнүүд байсан шүү дээ.
Ингэж бодохул энэ жилийн сонгууль ёс зүйтэй нэр дэвшигч олох гэж МАН-ынхан ёстой л “махаа идэж мяраагаа мөлжих” янзтай. Гэхдээ хэлэх, хийх нь хол зөрүүтэй байдаг “зузаан туршлага” энэ намд бий. Тэгэхээр нэр дэвшигчээсээ мөнгөн хандив авахгүй гэдэг нь ч худлаа ёс зүйтэй улстөрчийг нэр дэвшүүлнэ гэдэг яриа ч бас шал худлаа байж таараад байна.
Ц.Жаргалсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин