Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.
Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.
Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс