“Тэтгэлэг бидний амьдрал-2021” боловсролын цахим өдөрлөгт 3500 сурагч оролцжээ
“Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” төрийн бус байгууллагаас нийслэлийн таван дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч улмаар гадаадын нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлгээр суралцахад зөвлөсөн боловсролын цахим өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ. Уг өдөрлөгийг өнгөрсөн сараас энэ сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлүүлэн, 11,12 дугаар ангид суралцаж буй 3500 гаруй хүүхдийг хамруулсан аж. Эдгээр сурагчдад зөвлөгөө өгч, гадаадад тэтгэлэгээр суралцахын давуу тал, тэтгэлэгт хамрагдах боломж болон шалгуурт хэрхэн бэлтгэх талаар сэтгэгдэлээ хуваалцан, туршлагаа солилцохоор АНУ, ИБУИНВУ, Австрали, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 15 улсад тэтгэлгээр их, дээд сургууль төгсөгчид оролцсон байна.
Дээрх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагч, “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” ТББ-ын тэргүүн, ОХУ-ын Эрхүү хотын техникийн их сургуулийн төгсөгч, Москвагийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант Б.Зундуйжамц “Цар тахал, хөл хорионы нөхцөл нь бүх шатны сургуулийн сурагчид, оюутнуудад хүнд тусан, тэдний маань сурч боловсрох, мэдээлэл авах боломж тодорхой хэмжээгээр хумигдсан учраас бид цахим өдөрлөг зохион байгуулсан юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадаадад суралцахыг хүсдэггүй хүүхэд ховор байх. Гэхдээ сургуулиудын төлбөр өндөр учраас хүүхэд бүрт боломж олддоггүй. Харин тэтгэлэгт хамрагдаж чадвал хаана ч суралцах боломж нээгдэх тул энэ талаарх мэдээллийг хуваалцан, хүүхдүүдэд туслахыг зорилоо. Хүүхдүүд ч тун идэвхтэй оролцон бидний ажлыг талархан хүлээн авсанд баяртай байна. Эл өдөрлөгөөс мэдээлэл авч, оролцогчдын зөвлөгөөг хэрэгжүүлэн нэг ч гэсэн хүүхэд тэтгэлэг авч чадвал бидний ажлын хамгийн том үр дүн болно” хэмээн ярив.
Цаашид “Тэтгэлэг бидний амьдрал” боловсролын өдөрлөгийг илүү өргөн хүрээг хамруулж, улс даяар, жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэйгөө дээрх төрийн бус байгууллагынхан тэмдэглэв. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан EDX school Англи хэлний сургалтын төвд 6 хүүхдийг 100% үнэ төлбөргүй суралцуулахаар болсон мөн "Күнз хятад хэлний сургалтын төвд"1 хүүхдийг бүтэн жилийн турш үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан.
Б.Зундуйжамц: Нэг ч гэсэн хүүхэд гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадвал сайн дурын ажил хийж байгаа бид бүгдийн ажлын үр дүн гарна гэж бодож байна.
Модератор:
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 1-р курсын оюутан:
И.Очирпүрэв: Сайн дурын ажил хийнэ гэдэг өөрөө гайхалтай зүйл.
Нийгэмд хэрэгтэй сайн дурын ажил хийх нь хувь хүний хөгжилд ихээхэн хэрэгтэй бөгөөд дэлхийн топ сургуулиудад тэнцэх нэг шалгуур болдог.
Дэмжин ажилласан бүх хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье.