Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.
Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг өглөө.
Цэцэрлэгийн “Цахим бүртгэл” 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэлх хугацаанд явагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.
Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.
2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус үйлчилгээнд гарч сурагчдад үйлчинэ.