УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав
УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа.
Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Нийслэл нь улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байгаа. Улаанбаатар хотын хүн ам 2024 онд 1.68 сая, 2030 онд 1.86 сая, 2040 онд 2.1 сая болж өсөх тооцоолол байна. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйг тэлэх, нийтийн тээвэр, барилга, дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хотын даргын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал, хүсэлт хэлж, асуулт асууж, хариулт авлаа.