Б.Баттөмөр: Таван жилээр зорчих эрхийг хязгаарлах нь шоронд хорьсонтой адил
“ФАТФ-ын зөвлөмжид зорчих эрхийг нь хязгаарла гэсэн заалт байхгүй”
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалтуудыг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар баталлаа. Харин 300 сая төгрөгөөс дээш хэмжээний татварын орлого нуусан хүний зорчих эрхийг тав хүртэлх жилийн хугацаагаар хязгаарлах заалтыг баталсангүй. Та энэ зохицуулалтыг дэмжээгүй гишүүдийн нэг нь. Яагаад дэмжээгүй вэ?
-Эрүүгийн хуульд татвар нуусан бол тав хүртэлх жилийн хугацаанд хилээр гарахад хориг тавих заалт оруулж ирсэн. ФАТФ-ын 40 зөвлөмж, тэр дундаа манай улсад тавьсан дөрвөн шаардлагад ийм асуудал байхгүй. Ер нь Эрүүгийн хуульд татвар нуухад авдаг арга хэмжээ нь тодорхой бий. Үүн дээр шийтгэл нэмж хүлээлгэх нь илүү зүйл гэсэн саналтай байгаа.
-ФАТФ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зөвлөмж ирсэн гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлсэн шүү дээ?
-Эрүүгийн хуульд тодорхой заалт бий. Ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хорих нь буруу. Үнэхээр татвараа нуусан бол торгуулийн арга хэмжээ авах ёстой. Жишээлбэл, 100 сая төгрөгийн татвар нуусан бол 200 сая төгрөгөөр торгох нь зөв. Харин хүний явах, зорчих эрхийг таван жилээр хаана гэдэг заалт хэзээ ч байж болохгүй. Хаана ч ийм заалт байхгүй.
-Татвараас зайлсхийх гэмт хэргийн шийтгэлийг чангаруулаагүй нь “Саарал жагсаалт”-аас гарч чадахгүй байх үндэслэл болох юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Бизнес эрхэлж байгаа хүмүүсээ эдийн засгийн эрх зүйн хувьд чөлөөтэй байлгах ёстой. Татвар нуухад хүлээлгэх хариуцлага нь Эрүүгийн хуульдаа тодорхой бий. Үүнээс болж хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Авлига, хүнд суртал хуульд дөрөөлж бий болдог. Тиймээс би үүнийг дэмжээгүй.
-Бизнес эрхэлдэг гишүүд татвараас зайлсхийх сонирхолтой гэж харагдаад байна л даа?
-Бизнестэй гишүүд гэж хаана байна вэ. Ер нь, хорино, хязгаарлана гэдгийг бодолтой хийх ёстой. Энэ бол хатуу арга хэмжээ. Таван жил Монголоос гаргахгүй гэж байгаа нь шоронд хорьж байгаатай л адилхан шүү дээ. Дэлхий хавтгай байхад хүн хаашаа ч явж, бизнес хийж, чөлөөтэй амьдрах эрхтэй.
-Их хэмжээний татвар нуусан бол шийтгэл нь чанга байх нь зөв юм биш үү?
-300 сая төгрөг бол том компаниудын нэг өдрийн л орлого. Заримынх нь нэг өдрийн орлогод ч хүрэхгүй. Тиймээс их гэж үзэхгүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар маш тодорхой хэлсэн. ФАТФ-ын дөрвөн зөвлөмжид татвар төлөөгүй бол таван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарла гэсэн заалт байхгүй. Гуя дагуулж, хүзүү гэдэг шиг ийм өөрчлөлт хийж болохгүй гэдгийг хэлсэн. ФАТФ-ын дөрвөн зөвлөмжөөс хорь гэсэн заалт аа гаргаж ир л дээ. Гаргаж ирэхээр нь ярьцгаая.
-Татвараа төлсөн л бол асуудалгүй шүү дээ?
-Татвар төлнө гэдэг харьцангуй ойлголт. Татварын маргаантай асуудал их бий. Татварын алба авна гэж үзнэ. Нөгөө хүн нь “Энэ бол миний зардал. Тиймээс татвар төлөхгүй” гэдэг. Ийм маргаантай асуудлууд бий. Ингээд татварын маргаан таслах зөвлөлөөр асуудлаа хэлэлцүүлнэ. Болохгүй бол шүүхээр явна. Хэнд ч шүүхэд хандах эрх бий. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт асар их хэмжээгээр буурч байна. Үүний нэг шалтгаан нь хууль тогтоомжуудтай холбоотой. Жишээлбэл, Монголд үйл ажиллагаа явуулахаар ирсэн хүний зорчих эрхийг таван жилээр хязгаарлах нь шоронд хорино гэсэн үг шүү дээ. Тиймээс нарийн тооцоо, судалгааны үндсэн дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй. Татвар төлөөгүй хэчнээн хүн гадаад руу зугтсаныг УИХ-д баримттай нь танилцуулах хэрэгтэй. Монголоос татвар төлөхгүй гадаад руу гарсан ямар хүн байна вэ. Өмч хөрөнгө нь энд л байж таарна. Тиймээс судалгаа тооцоотой зүйл хийх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална. Өнөөдөр 11.8 их наяд төгрөгийг бизнес эрхлэгчид цуглуулж байгаа. Гэтэл өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шиг татвараа авчихаад дээрээс нь таван жилийн хугацаанд зорчих хөдөлгөөнийг хорино гэнэ. Энэ зөв шийдвэр биш гэж бодож байна.
-Энэ зохицуулалтыг хийхгүйгээр “Саарал жагсаалт-аас гарах боломжтой гэж үзэж байна уу?
-Манай улсын далд эдийн засаг ДНБ-ий 9.2 хувь байна. Энэ нь дэлхийн дунджаас бага үзүүлэлт. Ийм жижиг эдийн засагтай улсад хаана ямар мөнгө угаагаад байгаа юм бэ. Хаана, ямар мөнгө угаагаад байгааг ФАТФ-аас шаардах ёстой шүү дээ.
-Далд эдийн засаг дэлхийн дунджаас бага байна гээд хайхрахгүй орхиж болохгүй байх. Жижиг эдийн засагтай манай улсын хувьд тийм ч бага үзүүлэлт биш байх?
-Тийм ээ, жижиг эдийн засагтай. Гэхдээ мөнгө угаагаад терроризмыг санхүүжүүлсэн зүйл байхгүй. Монголын жаахан мөнгийг аваачаад терроризмыг санхүүжүүлнэ гэж юу байх вэ. Монголоос хэчнээн мөнгө авч, терроризмыг санхүүжүүлсэн баримт ФАТФ-д байхгүй шүү дээ. Би ингэж л бодож байна. Тиймээс ФАТФ-аас “Саарал жагсаалт”-д оруулсан учир шалтгаан, эдийн засагт ямар хохирол учирсан гэдгийг нарийвчилж, тодруулах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа аж ахуйн нэгж, иргэний хуулиараа татвараа төлөөд л явж байгаа. Үнэт эдлэл худалдаалдаг хүмүүс татвараа төлөх л ёстой. Эдийн засгийн утгаараа эдгээрийг тодруулах нь зөв. Харин улс төрийн утгаар солонгос ажилчдыг гарга гэдгийн учир холбогдлыг сайн мэдэхгүй юм. Ийм л учиртай. Харин хар тамхины асуудалд бол анхаарах ёстой.
-“Саарал жагсаалт”-д орсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм уу?
-“Саарал жагсаалт”-д ямар шалтгаанаар орсон бэ гэдгээ зов оношлох ёстой. Ерөнхийдөө “Саарал жагсаалт”д орсон дөрвөн шалтгааныг ярьж байна. Үнэт эдлэлийн арилжаа, үл хөдлөх зуучлал нь хяналтгүй гэсэн байна. Мөн Хойд Солонгос улсын ажилчидтай холбоотой асуудал байна. Миний хувьд эдгээр шалтгаанаас болж “Саарал жагсаалт”-д орох нь учир дутагдалтай гэж бодож байна.
Гэхдээ “Саарал жагсаалт”-тай холбогдуулаад мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилд онцгой анхаарах шаардлага бий. Улсын хэмжээнд 2015 онд ДНБ-ий 15.7 хувь, 2018 онд ДНБ-ий 9.2 хувьтай тэнцэх далд эдийн засаг байна гэсэн судалгаа гарсан. 2014 оны үед Дэлхийн банк, ОУВС-гийнхны судалгаагаар Монголын эдийн засагт 17.9 хувийн далд эдийн засаг байна гэж үзсэн. Харин 2018 онд 9.2 хувь болж буурсан нь НӨАТ-ын урамшууллын систем нэвтрүүлсэнтэй холбоотой. ДНБ-ий 9.2 хувь нь хоёр их наяд 971 тэрбум төгрөг болж байгаа юм. ДНБ-нд харьцуулахад бага ч гэлээ Монгол Улсын татварын орлоготой харьцуулахад дөрвөн төгрөг тутмын нэгтэй нь тэнцэж байна. Далд эдийн засгийг ил болгох чиглэлд ажиллах ёстой. Далд эдийн засгийн ноцтой тоо баримт бий.
-Тодруулбал?
-Нийт далд эдийн засаг хоёр их наяд 971 тэрбум төгрөг байна. Үүний 1.5 их наяд нь албан бус сектор буюу бүртгэлгүй үйл ажиллагаа. Харин 113 тэрбум төгрөг нь хар тамхи, мансууруулах бодисын асуудалтай холбоотой. 2015 он далд эдийн засаг дахь хар тамхи, мансууруулах бодисын худалдаа 20.3 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 113 тэрбум төгрөг болж, 4.5 дахин их өсжээ. Тиймээс статистик мэдээлэлд тулгуурлаж, бодлого үйл ажиллагаагаа үүнд чиглүүлэх шаардлагатай.
-Далд эдийн засгийг илрүүлэхийн тулд нэн түрүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Мөнгө угаана гэдэг бол албан бусаар далд мөнгө олж, үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, албан болгох үйл ажиллагаа. Далд эдийн засаг нь бүртгэлгүй үйл ажиллагаа явуулах ажил. Гэхдээ бүгдийг нь буруу гэж хэлэх боломжгүй. Жишээлбэл, манай улсын иргэд өөрсдийн дотоод хэрэгцээнд зориулж, хүнсний ногоо тариалдаг. Энэ ажлыг бүртгүүлж, мэдээлэх боломжгүй. Гэхдээ энэ нь далд эдийн засагт ордог. Тэгэхээр энэ бүгдийг харьцуулж, тооцож ажиллах ёстой. Мөнгө угаах ажиллагаа нь далд эдийн засагтай нягт уялдаатай. Энэ хоёрыг нэг зоосны хоёр тал гэж болно. Тиймээс далд эдийн засгаа ил болгох шаардлагатай. Энэ үүднээс холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт орууллаа.
-Манай улс далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хангалттай ажиллаж байгаа юу?
-Ажиллах ёстой. НӨАТ-ын урамшууллын системийг ил болгосноор тодорхой ахиц дэвшил гарсан. Энэ оноос хэрэгжиж эхэлсэн татварын шинэ хуулиар маш сайн хөнгөлөлтүүдийг гаргасан. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрт хамаарах чухал хөнгөлөлтүүдтэй боллоо. Тухайлбал, нийт татвар төлөгчдийн 97 хувь нь нэг хувийн татвар төлөгч болсон. Тэгэхээр одоо татварын алба ажлаа сайн зохион байгуулж, татвар төлж, бүртгэлд орохын ач холбогдлыг ойлгуулбал, далд эдийн засгийн хэмжээ буурна. Энэ л зүйлүүдийг зохицуулах ёстой. Одоо Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэг байгууллагатай нягт хамтарч ажиллах шаардлага бий. Манай улс “Саарал жагсаалт”-д багтсан шалтгаан нь юу байсныг тодруулж, авч байгаа арга хэмжээгээ сайн танилцуулан энэ жагсаалтаас гарах ёстой.
Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байна. 30 жил хүмүүсийн хэлсэн ярьснаар явсан ч эдийн засагт дорвитой өөрчлөлт орсонгүй. Их баялагтай мөртлөө нэг хүнд ногдох ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 3900 ам.доллар, гадаад өр 30 тэрбум ам.доллар, дотоод өр 22 их наяд төгрөг байна. Нийт иргэдийн 40 хувь нь ядуу амьдардаг. Хий гэдгийг нь хийсэн. Эцэст нь, бид ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа орлоо. “Саарал жагсаалт”-д хоёр удаа орсон. Үүнээс бид юу хийгээд, хаашаа яваад байна вэ, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тооцоолох нэн шаардлагатай нь харагдаж байна.
-Одоогийн бодлого, төлөвлөлтөөр ямар үр дүнд хүрэхээ тооцоолоогүй гэж үү. Эдийн засгаа дорвитой өөрчлөхийн тулд ямар замыг сонгох нь зөв гэж харж байгаа вэ?
-Манай улс маш их баялагтай. Баялгаа мөнгөтэй, мөнгөгүй, гадаад, дотоодын хэнд ч хамаагүй өгчихсөн. Эцэст нь, баялгаа ашиглаад татвар төлж байгаа хүн алга. Уул уурхайн салбар нийт экспортын 90 хувийг гаргадаг. Монголын татварын 24.8 хувийг бүрдүүлдэг. Баялгийн хамгийн муу менежмент Монголд байна. Алтны ашиглалтын 556 лиценз байгаагаас дөрвөн л татвар төлдөг. Бусад нь татвар төлдөггүй. Лицензийн хувьд худал үнэн тоо бичсэн баримт харуулаад, худалдана гээд л явж байдаг. Газрын доорх баялаг бол ард түмний мэдэлд байдаг. Гэхдээ хувь хүн худалддаг байж болохгүй шүү дээ. Үүнийг хориглосон зохицуулалтыг 30 жилийн хугацаанд хийж чадсангүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөчихдөг. Энэ асуудлуудыг тодорхой болгоё. Хөгжлийн бодлого, концепц, загвараа зөв болгомоор байна.
-Та “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг зөв тодорхойлохгүй байгааг хэлсэн. Таныхаар ямар шалтгаанаар энэ жагсаалтад орсон бэ?
-Бид оношоо зөв тавьж чадахгүй байна. Маш олон асуудал бий. Ярьж болох, болохгүй асуудлууд бий. Эхний ээлжид гаднын хөрөнгө оруулагчидтай учир зүйгээ олох ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын зүгээс буруу мэдээлэл тарааж, Монголд үр ашиггүй ажилладаг. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй алдаа дутагдлууд бий. Тиймээс олон чиглэлд судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн чиг баримжаагаа зөв барихгүй бол болохгүй.