Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо өнөр хорооллын гудамж дагуу зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууслаа.
Чөлөөлсөн талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалт өрнөх талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллалаа.
Тус талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаснаар нийтийн эдэлбэрийн 0.9 га газрыг чөлөөлсөн.Энэхүү газар чөлөөлөлт цааш үргэжлэн Өнөр бүсийн нэгдүгээр хорооллын зам дагуух “Саппоро” хүртэлх байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгаж 2.8 kм хүртэлх зам, талбайг чөлөөлж ногоон байгууламж бүхий явган хүний зам, гүйлтийн талбай болгон цогц бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.