Бизнесийнхэн авлигыг бууруулах талаар төртэй хамтран ажиллана

Монгол улс 2020 онд авлигын индексээр таван байр ухарч, 180 улсаас 111-рт жагссан талаарх мэдээллийг Транспэрэнси Интернэшнлээс танилцуулсан. Энэхүү үзүүлэлтийг ахиулах зорилго бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан байдаг. Ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөө болон нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор төрийн зарим байгууллагын төлөөлөл болсон ажлын хэсгийн гишүүд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнесийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөлтэй ‘Business Breakfast’ буюу ажил хэрэгч өглөөний уулзалт хийлээ.
Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ёс зүй, шударга байдлыг дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэдэг МҮХАҮТ нь бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох МҮХАҮТ-ын дэргэдэх бизнесийн Ёс Зүйн Төвөөс энэхүү өглөөний ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж, 60 орчим бизнесийн төлөөлөл авлигыг бууруулах талаарх өөрсдийн саналаа АТГ-ын удирдлагад хүргүүлсэн юм. Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн байгууллагатай харьцахад тулгарч буй хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс байгууллагаа болон өөрсдийгөө хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн энэ үед “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв” өнгөрөгч тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Бизнесийн ёс зүй, шударга байдлын олон улсын мэдлэг, мэдээллээр Транспэрэнси Интернэшнл хангаж байгаа бол бизнесийн ёс зүйн тэргүүн туршлагыг хэрэгжүүлдэг Рио Тинто групп өөрсдийн туршлагаа хуваалцаж, ажлын арга барилаасаа хуваалцах юм” гэлээ. 
Бизнесийн ёс зүйн төв нь 21 аймгийн салбар танхимуудаараа дамжуулж нийт гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд олон улсын жишиг болсон бизнесийн ёс зүйн стандарт, авлигын эсрэг хатуу зогсох зарчим, бусад шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалтыг тогтмол системтэйгээр хүргэхээр төлөвлөөд байна. Мөн Авлигын эсрэг эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулан ажиллахад МҮХАҮТ, түүний дэргэдэх Бизнесийн Ёс зүйн төвийн зүгээс хамтран ажиллаж, гишүүн байгууллагуудаа идэвхтэй оролцуулах бүрэн боломжтойг онцоллоо. 
Б.Даваасүрэн "Рио Тинто" группийн Харилцаа Хамтын ажиллагаа Хариуцсан менежер
"Бизнес эрхлэгч нарт тулгамдаж ирсэн хамгийн чухал асуудал бол ёс зүй байдаг. Түүнчлэн бизнес эрхлэгч буюу баялаг бүтээгч нараа дэмжих зорилгоор манай байгууллага үйл ажиллагаагаа энэ хугацаанд явуулж ирлээ. Мөн энэхүү уулзалтад өнөөдрийн байдлаар 60 гаруй бизнес эрхлэгч нар хамтран оролцлоо. Энэхүү уулзалтад оролцож буй дотоодын томоохон байгууллага болох Сүү ХХК, Монос ХХК, Ханбогд кашмер болон эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн төлөөлөл ирж оролцож байна.
Манай байгууллагын эрхэм зорилго бол дотоодод үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч нараа дэмжин ажиллаж, олон улс буюу гадаадаас хөрөнгө оруулалт авч чаддаг байх хэмжээнд хүргэж мөн гадны тусламжид, зээлд ямар ч асуудалгүй хамрагдах гэх мэт олон зүйлийг өмнөө зорилго болгон ажиллана" хэмээн тэрбээр мэдээллээ.
   Уулзалтад оролцогчид төрийн албаны авлига, хүнд суртал үүсгэж буй нөхцөл байдал, төрийн албаны хариуцлага, ёс зүй болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн, цаашид эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх арга хэмжээний талаар нээлттэй ярилцав. Уулзалтын төгсгөлд АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал төрийн албаны хүнд суртал, авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг тодотгоод “Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа нь үүнд чухал ач холбогдолтой гүйцэтгэх болохыг онцолсон юм. Түүнчлэн Авлигын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн саналыг тусган хэрэгжүүлж, дараагийн уулзалтаар тодорхой үр дүнг танилцуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ