Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна
“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо. Форумын үеэр “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” сэдвийн хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга зам”-ын талаар илтгэл тавив. Улмаар авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн замын хөдөлгөөний шийдэл, нийтийн тээврийн үйлчилгээ, иргэн төвтэй хот болгох шийдэл, төлөвлөгөөний талаар танилцуулсан юм.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Ойрын хоёр жилд Улаанбаатар хотын түгжрэлийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. 2020 оны байдлаар нийслэлийн иргэд бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан. Цаашид ямар ч арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд ДНБ-ий 18 хүртэлх хувийг түгжрэлд алдах тооцоо бий. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулахаар олон ажил хийж байгаа. Мөн Засгийн газарт Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Нийтийн тээврийн хувьд масс транзит нэвтрүүлэх шаардлагатай хэмжээнд хүрсэн. Энэ хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэг нийслэлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөнгөн галт тэрэгний зорчилтын эрэлтийн тооцоо, маршрут дээр удаан судалгаа хийсний дүнд хөнгөн галт тэрэгний трансыг боловсруулсан. Мөн явган замыг сайжруулах, гарааш, хашаа, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх болно. Улаанбаатарыг машинд ээлтэй хотоос, явган хүнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна” гэлээ.