Сүүлийн 3 жилд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1507 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2019 онд 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар 4371, 2020 онд 23.064 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар 4.855 гэмт хэрэг үйлдэгдсэн харамсалтай тоон мэдээлэл гарчээ.
Харин энэ оны эхний 11 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад 23.348 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14.920 буюу /63,9%/ нь Нийслэлд бүртгэгдсэн, үүнээс 1826 согтуугаар үйлдэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1507 хүний амь нас хохирсноос 106 хүн осгож, 538 хүн архины хордлогоор, 5248 хүн бусдын биед гэмтэл учруулжээ.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд ахуйн хүрээний архидалт, архины зохисгүй хэрэглээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн маргаан, хардалт зэргээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хүнд болон хөнгөн гэмтэл санаатай учруулах, эд материалын хохиролд өртүүлэх зэргээр ноцтой гэмт хэргүүд удаа дараа үйлдэгдэж байна.
Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, шинэ жилийн баяр тэмдэглэж буй аж ахуй нэгж байгууллагууд ажилчиддаа хяналт тавих, аюулгүй байдлыг нь бүрэн хангах, бусдыг согтууруулах ундааны зүйлээр шахахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргахгүй байх зэргээр өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэж, авулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.