Өнөөдөр Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож байна

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. 

Монгол Улсын VIII эзэн Богд хаан мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16цаг,17минутад баталсан.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.скачать dle 12.0

Холбоотой мэдээ