Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлаас ангид байх ажлыг эрчимтэй хийнэ

НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
 Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дүүргийн Засаг дарга зэрэг шийдвэр гаргах түвшний 500 гаруй хүн оролцож байна. Төрийн хүнд суртал, авлигыг багасгах, ковидын дараах эдийн засгийн хүнд үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд туслах зорилгоор зөвлөгөөнийг нэлээн эртнээс төлөвлөж, зохион байгуулж байгаа. Авлига, хүнд суртлыг бодлого гаргаад, үүрэг, чиглэл өгөөд алга болдоггүй. Систем, хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр авлига, хүнд суртлыг бууруулах ёстой. Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид шударга үнэний төлөө, шударга ёсыг эрхэмлэж, нэгдмэл байр сууринд нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байж авлига, хүнд суртлыг арилгана. 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг гурван сар, гурван жилийн хугацаанд нэг мөр цэвэрлэж чадахгүй. Тиймээс системтэйгээр энэ ажлыг хийж, хэрэгжүүлнэ.
   Хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Өдгөө эдийн засгийн реформ хийх Газрын багц хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зэрэг Улаанбаатар хоттой холбоотой олон хууль, эрх зүйн шинэтгэлийг хийхээр бэлдэж байна. Бид нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дэлхийн жишигт хүрсэн хотуудын стандарт, норм, нормативыг Улаанбаатар хотод тулгамдаж буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан судалж үзээд, есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулсан. Хотын дүрмээ мөн батлуулахаар зорин ажиллаж байна. Хуулиар зохицуулах боломжгүй зүйлсийг дүрэм, стандартаараа зохицуулна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудал бий. Үүнийг үе шаттай, системтэйгээр засаж, хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээ дэмжих, бүрэн суурь ойлголтоор нь шинэчлэлийг хийх гэж зорьж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлтэй холбоотой 200 гаруй хууль, тогтоомж мөрдөгдөж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар үндсэн 79 чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хотыг бий болгох алсын хараан дор иргэд, оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд, аз жаргалтай амьдрах таатай боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх хамгийн гол ажлуудыг бид өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжихэд нийслэл манлайлал үзүүлж, авлига, хүнд суртлаас ангид байх ажлыг эрчимтэй хийнэ. Төрийн албан хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, урьдчилан срэгийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж, сар, улирал бүр холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, хамтарч ажиллана. Авлигыг бууруулна гэдэг хэсэг бүлэг хүний ажил биш, нийслэлийн албан хаагч та бүхний оролцоо чухал. 74 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн үйлчилгээнүүдийг цахим руу шилжүүлж байгаа нь авлигаас ангид байх томоохон алхам юм” хэмээлээ. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх чиглэлээр манлайлж ажиллахыг уриалсан юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ