ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсад айлчилж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Др. Такеши Касай тэргүүтэй зочдыг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Бүсийн захирал Др. Такеши Касай КОВИД-19 цар тахлын эсрэг цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авч, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нэн ялангуяа цар тахлын эсрэг тэргүүн шугамд ажилласан эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад гүн талархлаа илэрхийлж байна гэлээ. Тэрбээр цар тахлын давалгаануудын үөэр эрсдэл өндөртэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг сайшааж, бүсийн зарим улсуудад нэвтрүүлсэн болохыг онцлон тэмдэглэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын нийт 56,000 гаруй ажилтнууд хоёр жил хагасын хугацаанд нийтээрээ хүчин зүтгэсний үр дүнд цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж байгааг онцолж, энэхүү амаргүй тулаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэн ялангуяа Др. Касайн удирдаж буй Номхон далайн баруун бүсийн төвөөс Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулж тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүйн чиглэлээр мэргэжил арга зүйн тусламж дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Түүнчлэн КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын Хүүхдиийн сан, Хүн амын сан болон НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын банк санхүүгийн байгуулагууд, түншлэгч улс орнууд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Касай Монгол Улсын Засгийн газрын зүгээс цар тахал гэж хойш тавилгүйгээр эрүүл мэндийн салбарт олон чухал хөтөлбөр, шинэ санаачлагыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгааг сайшааж, “эрүүл мэнд бол зардал биш, харин хөрөнгө оруулалт юм” гэдгийг дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахал сайтар нотлон харууллаа гэв. Тэрбээр хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулж байж эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал болохыг онцлов.

Айлчлалын хүрээнд Др. Такеши Касай хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзахын сацуу Монгол Улсын төр, засгийн тэргүүнд бараалхана.