“Улаанбаатар явган аяллын фестиваль”-д 300 орчим алхагч оролцлоо
Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус олон улсын явган аялалд БНСУ-ын 88 алхагч, Япон Улсын таван алхагч, Монгол Улсын 200 орчим алхагч оролцсон юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Жэжү Оллэ нийгэмлэгийн зүгээс 2016 онд Улаанбаатар хотод явган аяллын жим гарган тохижуулах саналыг манай байгууллагад тавьсан. Ийнхүү манай байгууллагаас тус санаачилгыг дэмжин гурван байршилд алхалтын жим тохижуулсан. Тодруулбал, Хонхор орчимд нэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр зам тохижуулаад байна. Цаашид хот орчмын ногоон бүсэд хоёр зам нэмж тохижуулахаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Уг жимийг тохижуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжсэнээр жуулчид, алхагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус нийгэмлэгээс зөвхөн алхаад зогсохгүй тухайн нутагт амьдарч буй иргэдэд нэмэлт орлого оруулах үүднээс гар урлалын чиглэлээр сургалт ордог. Мөн англи, солонгос хэлний сургалтуудыг ч зохион байгуулдаг. Иргэд сургалтаар олж авсан мэдлэгээрээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн, бүтээгдэхүүнээ монголдоо болоод БНСУ-д худалдан борлуулах боломжтой болсон” хэмээв.Энэ жилийн явган аяллын фестиваль долоодугаар сарын сүүлээс эхэлсэн бөгөөд долоо хоног бүр 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр алхжээ. Харин энэ зуны тав дахь удаагийн групп аялалд гурван орны 300 орчим алхагчид оролцон, 12.8 км замыг тууллаа. Алхах явцдаа хоёр км орчим замын хогийг цэвэрлэн байгаль орчиндоо цэвэрхэн, соёлтой алхахыг уриалав.
“Жэжү оллэ” нийгэмлэг Япон Улсын хоёр хотод аяллын зам тохижуулж байсан бөгөөд Монгол Улсыг гурав дахь орноор сонгон, гурван аяллын замыг тохижуулаад байгаа юм. Ийнхүү тохижуулахдаа том бүтээн байгуулалт хийх бус аялагч нарыг төөрөхөөс сэргийлж замын маршрут, чиглэл заасан тэмдэглэгээ болон амрах, суух цэгийг байгальд ээлтэй байдлаар шийдэн тохижуулсан аж. Монгол оллэ замаар алхах энэ жилийн хамгийн сүүлийн групп аяллыг есдүгээр сарын эхээр зохион байгуулах бөгөөд тус аялалд оролцохоор БНСУ-ын 100 орчим алхагч, жуулчин бүртгүүлжээ.