Катар улсын Доха хотноо “Welcome To Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилготой соёлын арга хэмжээг 2023 оны 3 дугаар сарын 6-ний өдөр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Катар Улсын соёл урлагийн сан “КАТАРА”-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд болон байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол, Катарын найрсаг сайн харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.
Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхсон бөгөөд арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа.