МАН нэг гишүүнээ намаас гарсанд тооцов
МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнгөрсөн лхагва гарагт Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар түүнийг намаас гарсанд тооцсон юм. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар "МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалд очиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн. Энэ нь намын нэр хүндийг унагаж байгаа учраас авч хэлэлцэж, тодорхой хариуцлага тооцох зүйтэй гэсэн.
Энэ асуудлыг авч хэлэлцээд, намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аас гарсанд тооцсон. Гарсанд тооцно гэхээр намаас хөөсөн гэж ойлгож болохгүй. Хөөнө гэвэл эргэж намд орох эрхгүй болно. Гарсанд тооцно гэдэг бол намын гишүүд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээд, эргэж орж болно" хэмээсэн юм.