Ц.Сандуй А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна
Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан.
Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог юм.
Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татаж хэргийг шалгаж дуусаад хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэн байгаа юм.
Тодруулбал, тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлж байна.
Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэрчээр дуудагджээ. Мөн М.Энхболдыг ч шүүхэд гэрчээр дуудсан байна.