П.Коэльо Кобитой хамтран ажиллаж байжээ
Бразилын зохиолч Паоло Коэльо Коби Брайанттай хамтран хүүхдийн зохиол бичиж байсан бөгөөд домогт сагсан бөмбөгчнийг зуурдаар нас барсны дараа эх хувийг нь устгажээ.
П.Коэльо цахим хуудастаа “Чи бол гайхалтай тамирчин байсан юм шүү, эрхэм Коби Брайант. Хамтран ажиллах хугацаандаа чамаас олон зүйл сурсан. Одоо бидний ном нь утга учиргүй болсон тул гар бичмэлээ шатаалаа” гэж бичжээ.
НБА-ийн таван удаагийн аварга, олимпын хошой медальт Коби Брайант амьд ахуйдаа зохиолчийн ном бүтээлийг унших дуртай байв. Тиймээс өнгөрсөн оны наймдугаар сард хүүхдийн номын төсөлд хамтран ажиллах саналыг П.Коэльод тавьжээ. “The Guardian” сонинд бичсэнээр тэд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд спортын ачаар амьдралын сорилт бэрхшээлийг даван туулж болдгийг уран зохиолоор ойлгуулахыг зорьж байжээ.
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин