Хятадын хаврын баяраар зорчигчдын тоо өмнөх оныхоос 30 хувиар буурчээ
Хятадад Хаврын баярын үеэр дэлхий дээрх хамгийн том шилжилт хөдөлгөөн болдог бөгөөд энэ оны хувьд коронавирусний тархалтын улмаас зорчигчдын тоо өмнөх оныхоос 30 хувиар буурсан байна.
Тодруулбал, тус улсад шинэ төрлийн коронавирусний халдварыг хязгаарлах зорилгоор хөл хорио тогтоосны улмаас энэ оны 1-р сарын 10-наас 2-р сарын 3-ны өдрийн хооронд 25 өдрийн хугацаанд улс даяар төмөр зам, авто зам, усан зам, агаарын замаар нийт 1.296 тэрбум /давхардсан тоогоор/ зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулбал 30.3 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа тухай тус улсын Зам тээврийн яамны статистик мэдээлэлд дурджээ.
Хятадын хаврын баярын “Их нүүдэл” эхэлснээс хойших 25 дахь өдөр буюу 2-р сарын 3-ны өдөр нийт 11.93 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн өдрийнхтэй харьцуулахад 86.6 хувиар буурчээ.