Монголын жүдочид БНСУ-ын жүдочидтой хамтран ажиллана

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/ өнөөдөр БНСУ-ын Жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт /2020.02.05/ гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Монголын жүдо бөхийн холбооны Тэргүүн дэдерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, БНСУ-ын Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чүль нар гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.

“Хоёр улсын жүдо бөхийн холбоод хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бид хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил хийнэ. Юуны өмнө Монголын жүдогийн шигшээ багийг БНСУ-д урьж, хамтарсан бэлтгэл хийх, солонгос жүдочдыг Монголд бэлтгэлд хамруулах талаар тохиролцсон. Мөн 2020 дөрөвдүгээр сард Улаанбаатарт Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай шигшээ баг оролцоно. Тэмцээний дараа Хойд Солонгосын шигшээ багийг урьж, гурван улсын хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байна” хэмээнБНСУ-ын Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чулонцоллоо.

Ноён Чо Ён Чүль бол 1984, 1988 оны олимпын наадмын жүдо бөхийн хос хүрэл медальт, 1985 оны дэлхийн аварга алдартай жүдоч юм.

Монголын жүдогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар:”Энэ жил Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд хоёр улс олон ажил хамтран зохион байгуулж байгаа. Төрийн дээд түвшинд хамтарсан үйл ажил зохион байгуулахын зэрэгцээ ард иргэд, олон нийтийн түвшинд шууд харилцаа, холбоог дэмжиж ажиллах болно. Соёл урлаг, боловсрол, спортын чиглэлд хамтын ажиллагаагаа чухалчилж ажиллана. Спортын чиглэлд БНСУ-ын жүдо бөхийн холбоотой маш нягт хамтран ажиллах төлөвлөгөөтэй тэд ч ийм сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Хамтарсан бэлтгэл хийх, тамирчин, дасгалжуулагч солилцох, ялангуяа Токиогийн олимпын бэлтгэлд чухал ач холбогдолтой. Мөн хамтарч хөдөө орон нутагт спорт, эрүүл сэтгэлгээг хөгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегт ажиллахдаа ярьсан хамгийн гол сэдвийн нэг нь спортын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монголд хөгжүүлэх явдал байв. Спорт хүний бие бялдрыг хөгжүүлж, чийрэгжүүлэн, дархлааг сайжруулдаг. Жүдо бөх хүнд хүмүүжлийг тэгш олгодог, багш, өрсөлдөгч, дэвжээгээ хүндэтгэж сургадаг ухаалаг спорт. Гэрээ ёсоор нэгд, харилцан туршлага солилцох, дасгалжуулагч, тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл хийнэ. Хоёрт, хөдөө орон нутагт жүдо бөхийн шинэ клуб, дожё байгуулахаар ярилцсан” гэлээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ