Манайд хүн байхгүй
Монгол Улсад чинь улстөрчдөөс, тэр тусмаа УИХ-ын 76 гишүүнээс өр хүн байхгүй юм байна. Тийм болохоороо Сонгуулийн тухай хуулиа өөрсдөдөө тааруулаад зохиочхож. Уг нь хуулийг зохиодоггүй, хууль өөрөө амьдрал дээрээс урган гардаг байхгүй юу. Гэтэл сүүлийн үеийн парламентынхан зохиосоор л.
Эцэг хуулийн маань гуравдугаар бүлгийн 21.2.-т “ УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно” гээд заачихсан байгаа.
Гэтэл бид яаж байна. Нөгөө 76, тэдний ойр тойрныхон дотор эргүү төлөг шиг л эргэлдсээр байгаа шүү дээ.
Ингээд болохоор улстөрчид сонгогдох, бид сонгох одонд төрчихсөн, өөрөөр хэлбэл манайд сонгогдох өөр хүн байхгүй болж таараад байгаа юм.
Уг нь дээр өгүүлсэн 21.2-т
- Сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ
- Чөлөөтэй
- Шууд сонгох эрхийн үндсэн дээр
- Саналаа нууцаар гаргаж
- Дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн ч бидний сонгох эрх зөрчигдөөд байгаа юм. Тухайлбал,
“Сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ” гэж байгаа ч настайчуудыг “харахгүй үзэхгүй, хараа муутай, чих нь дүлий гэх шалтгаар өөрсдөө очоод гэрийнх нь хэн нэгнээр нь зуруулаад авчихна.
Чөлөөтэй сонгоно гэж бүр ч ярилтгүй. Нөгөө л хэдэн хүн дотроос нь заавал нэгийг эсвэл хоёрыг дугуйлна. Энэ бол чөлөөт сонголт биш.
Шууд сонгох эрх гэхээр сонгогдогчийг сонгохгүй ч байсан сонгуулж байгаа учраас энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр.
Саналаа нууцаар гэдэг нь бүр ч худлаа. Мөнгө төгрөг ярьсан, ажиглагч нэртэй нөхөд жинхэнэ хутгаж бараг л гарынх нь хөдөлгөөнөөр хэнийг дугуйлсныг нь мэдчихнэ.
Дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж байгаа ч “Надаас өөр хүн байхгүй ээ” гээд нөгөөдүүл чинь дахиад хүрээд ирж байгаа юм чинь.
Эдгээр дүр зургаас харахад нээрээ л “Манайд хүн байхгүй” болоод явчхаж байгаа байхгүй юу.
Гадаад улс оронд Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад нь тэгтлээ их сонирхолгүй, ажин түжин болдог юм билээ. Засгийн газар нь сайд нараа бүрдүүлэхдээ заавал парламент дотроосоо бус мэргэжлийн байгууллагуудын толгой нөхдүүдээс сонгодог нь бараг л уламжлал болсон харагддаг. Манайх шиг халтирч, тэнэж ТАТАА ТУНГА”-хийнэ гэж ёстой байхгүй.
Байдал ийм байхад “Та нар сонгох сонгогдох эрхээ элдэж байгаа” гээд залахыг нь яана.
Ард нийтийн санал асуулга” гэж чичирч чичирч сүүлдээ түүнийгээ хүчээр хийж аваад одоо тойрог мандат ярьсан шигээ нойргүй шахам хонож байгаа.
Гэтэл улстөрчдийн энэ байдлыг харсан 2 дугаар ангийн сурагч “Энэ том танхимд сууж байгаа хүмүүс сонгууль болохоор дахиад л сонгогдох юм байна тийм ээ” гэж асуув.
Ертөнцийн эрээн барааныг ойлгох болоогүй, ёстой л цагаан цаас шиг яваа бяцхан үрс та нөхдийн эрээ цээргүй жүжгийг ойлгочихсон байна шүү дээ.
Манайд уг нь хүн байгаа. Харин та нар л “Манайд хүн байхгүй” гээд байгаа болохоос Монгол Улсад та нар байтугай мэдлэгтэй, боловсролтой залуус, сэхээтнүүд бий, зөндөө бий.