Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-аас өмнө урьдчилж зохион байгуулна
2020 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 10-н буюу өнөөдөр 09:00:00 цагт эхэллээ. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны 18:00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр Боловсролын үнэлгээний газраас ЭЕШ-ын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Гэхдээ энэ хоёр шалгалтын бүртгэл өөр гэдгийг анхааруулмаар байна. Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилээс эхлэн босго оноотой болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-аас өмнө урьдчилж зохион байгуулдаг. Тухайлбал, ЭЕШ зургаадугаар сард болох бол монгол хэл бичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Үүнд өмнөх оны төгсөгчид зургаадугаар сард ЭЕШ-тхй цуг болно гэж бодоод бүртгэлээс хоцорсон тохиолдлууд гарсан.
Учир нь монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны 18.00 цаг хүртэл онлайнаар явагдана.
Хэрвээ монгол хэл бичгийн шалгалтыг давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй гэдэг зохицуулалттай гэдгийг анхааруулья.
Харин энэ жил 12 дугаар ангид сурч байгаа сурагчид монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Зөвхөн өмнөх онуудад төгссөн төгсөгчид монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэх хэрэгтэй.
Урьдчилсан байдлаар 32 мянган шалгагч шалгалтад орно гээд 50 шалгалтын байр бэлдэж ажиллаж байна.
Энэ жил царай таних технологийг хэд хэдэн шалгалтын төвд туршилтаар ашиглана. Ингэснээр тухайн шалгуулагчийн зургийг таньж байвал илүү бичиг баримт шаардахгүйгээр шалгалтад оруулна. Тиймээс бүртгэл дээр тод зураг тавих шаардлагатай” гэв.