Жоншны шинэ үйлдвэрт ажлын 55 байр бий болгожээ
Жоншны баяжуулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг үйлдвэрийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн нутагт байгуулахаар болжээ.
“Зүүн-Аргатай” ордыг түшиглэн байгуулах жонш баяжуулах энэхүү үйлдвэр жилд 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, хагас автомат тоног төхөөрөмжтэй, технологийн процессын хяналтын систем, шинжилгээний лабораторитой юм байна. Хайлуур жоншны хүдрийг олборлож байгаа нутагт хувийн аж ахуйн нэгж, хувиараа жонш олборлогчид үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэд олборлолт хийхдээ сорчилж жоншны агуулга багатайг орхиж түүхийгээр нь экспортлохын зэрэгцээ хөрс хуулалтыг дутуу хийж, ашигт малтмалын хаягдал, бохирдол ихэсч, хяналтгүйгээр ордыг ихээхэн сэглэн сүйтгэж, илрэл бүхий газруудыг гараар ухаж өнгөөр ялган шууд машинд ачдаг байна.
Иймээс баялгийн чанарыг сайжруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох зорилгоор уг үйлдвэрийг байгуулжээ.
Жоншны “Зүүн-Аргатай” ордод түшиглэн байгуулсан “Болор жонш” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэр нь түүхий эдээ Баянжаргалан сумын хайлуур жоншны бусад ордоос ч хангах бөгөөд одоогоор ажлын 55 байр шинээр бий болоод байгаа юм байна.