Ах нар улс төрд дахиад 20 жил үзнэ

Хүний сэтгэлзүй нэг талаасаа маш ээдрээтэй мэт боловч зөв өнцгөөр харвал хялбар уншигдах талууд бас бий.
Жишээ нь хүний далд ухамсартаа тээж яваа ойлголтууд заавал түүний үйл хөдлөлөөр илэрч гарна. Эрдэмтэд судлаад хүний амьдралын цагийн 95 хувийг далд ухамсар нь жолоодож, үлдэх ердөө 5 орчим хувийг ил ухамсар буюу бидний "би" жолооддог гэж үзсэн байдаг.
Бид "би" гэж бодож байгаа бүх л бодлууд, ойлголтууд нь бидний ил ухамсар бөгөөд - энэ ил ухамсар нь эсрэгээрээ бид өөрсдөө мэдэрдэггүй, шууд ойлгож чаддаггүй далд ухамсраас ундран гарч байдаг гэж төсөөлж болох юм.
Хүн үхэх цагтаа өөрийгөө хатуу ширүүхнээр шүүж, өөрийн амьдралаа үнэн бодитоор дүгнэдэг. Шударга шүүлтийн үндэс нь нэгэнт амьдрал дуусч байгаа тул цаашид маяглах, жүжиглэх, дүр орох хэрэггүй гэсэн үг. Яг үүнтэй адилаар ажлаа хийгээд дууссан дарга өөрийнхөө хийсэн ажлыг шүүж, дүгнэнэ. Үүнийгээ ямар нэг байдлаар илэрхийлнэ. Илэрхийлэхийг хүснэ.
Энэ бол ил ухамсраараа "Өө, би үхэх болчихлоо тэгэхээр нэг сайн дүгнэе", "За, миний ажил дуусан, дахиж би энэ ажлыг хийхгүй учир шүүж дүн тавина." гэх мэтээр бодох бодол биш гэдгийг уншигч ойлгож байгаа биз ээ. Энэ бол илүүтэй далд ухамсраас өөрийн эрхгүй урган гарч буй бодлууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Автоматаар гарч ирнэ гэсэн үг.
Яг үүнтэй адилаар үхэх болоогүй, даргынхаа ажлыг хийж дуусгаагүй хүний толгойд ийм бодол хэзээ ч орж ирэхгүй. (Толгойд бодол орж ирнэ гэж монголчууд ярьдаг нь угтаа - далд ухамсарт явагдаж буй процессоос ил ухамсарт орж ирж бодол ил болж байгаа хэлбэр гэж ойлгож болох юм)
Улс орныг 30 жил удирдсан улс төрч ах нар маань одоо арай залуу, арай илүү боловсролтой, ядаж хэл устай залуу үедээ халаагаа тавьж өгөх болов уу гэсэн горьдлого, яриа ард түмний дунд - сонгуулиас сонгуулийн хооронд явагддаг.
За ингээд би улс төрч ах нарын хэвлэл мэдээллийн ярилцлага, үйл хөдлөлд сэтгэлзүйн психоанализ хийж үзэв ээ. Яагаад гэвэл дээр нуршсанаар тэдний үйл хөдлөл нь тэдний далд ухамсар буюу 95 хувийг нь үнэн зөвөөр илэрхийлнэ шүү дээ. Хүн ил ухамсраараа юу ч гэж худлаа бурж чадна, харин сэтгэлзүйч хүн хэзээ ч худлаа ярьдаггүй далд ухамсар луу нь өнгийх чадвар, дадалтай байх учиртай.
Тэгэхээр би ил ухамсраараа, попорч, улс төрийн оноо авах гэж байгаа яриаг нь үл ойшоож, яг далд ухамсрын хэлэмж юу байна вэ гэдгийг харахыг оролдов.
За ингээд хартал - улс төрийг 30 жил жолоодсон ах нараас маань нэг нь ч өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэсэн нь үгүй ээ. Үүнээс эдгээр ах нар маань дахиад 30 жил улс орныг жолоодно гэж итгэл төгс ухамсарлаж байгаа нь илт болж байна. Тэд энэ алба, ажилдаа дүн тавьж (муу дүн тавьж таарна шүү дээ) амьдралынхаа дараагийн үед шилжих сонирхол алга.
Тэгэхээр 2020 оны сонгуулиар ах нар залуу үеийг гаргаж ирэхгүй нь ойлгомжтой болж байна. Миний энэхүү таамаглал зөв эсэхийг та бид хамтдаа харах болно.
Ө.Ганзориг
скачать dle 12.0

Холбоотой мэдээ