Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ
Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан цаг хугацаатай ажлуудыг түүвэрлэн хуваарьт тусгасан байна. Ингэхдээ нийт 7 бүлэгт хуваан багцалж, хуульд тусгасан хугацааг хуанлийн өдөрт шилжүүлэн тооцсон байна.
Түүнчлэн хурлаар нийслэлийн Архивын газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Нийслэлийн болон дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн саналын хуудас нийслэлийн архивт хадгалагдаж байгаа бөгөөд СЕХ-ны 2016 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-д заасан архивт хадгалах хугацаа нь дууссан байна. Тиймээс уг саналын хуудсыг холбогдох журмын дагуу устгахыг нийслэлийн Архивын газарт зөвшөөрсөн шийдвэрийг баталжээ.