Нийслэлийн нутаг дэвсгэрт хог ачиж тээвэрлэх хуваарийг нэгдсэн стандартад оруулна
Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг нэгдсэн хяналт зохицуулалттай болгох, үйл ажиллагаа, хуваарь графикийн мөрдлөгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн есөн дүүрэгт ажиллах хуваарийг баталсны дагуу өнөөдөр Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани дээр ажиллаж байна.
Уг уулзалтад Нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний удирдлагууд, дүүргийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг хяналтын төрийн бус байгууллагууд оролцож, харилцан үйл ажиллагааныхаа туршлагыг солилцов.
Хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийг хэрхэн илүү сайжруулах, одоо хэрэгжиж буй дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудийн хог тээврийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт ямар байгаа талаар танилцуулгыг энэ үеэр холбогдох албаны хүмүүс хийв. Мөн хамгийн сайн туршлагыг нэвтрүүлж буй хэд хэдэн дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаа, хог ачилтын хуваарь, хогоо ангилан ялгаж буй туршлагыг бусад дүүргүүддээ нэвтрүүлэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан туршлага судалж, санал солилцлоо.
Дараа нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ийн холбогдох хэлтэс, дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудтай хамт хариуцсан нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бөгөөд хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал, гомдол ирдэг байршлууд дээр ажиллаж, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг шалгах, сар бүрийн хог тээврийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа зэрэгт хяналт хийж байна. Дээрх ажлыг дүүрэг бүрт хуваарийн дагуу 14 хоногт нэг удаа зохион байгуулна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс