Судлаачид Ковид-19 вирусын нууц үе 1-12.5 хоног гэж тогтоожээ
ЭМЯ-наас Ковид-19 вирусын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. 2019 оны хоёрдугаар сарын 17-ны 10:00 цагийн байдлаар нийт 70635 хүн ковид-19 вирусын халдвар авсан бол 1772 нас баралт бүртгэгджээ. Мөн БНХАУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол, гурван нас баралт бүртгэгдсэн. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтөнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэлзүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна. Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтөний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар Ковид-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон тухай ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ.Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэр явуулж буй үйл ажиллагааны талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын холбогдох шийдвэрийн дагуу, ажиллаж байна. Халдварын үед нөөцийг бүрдүүлэх, ариутгалын бодисыг нөөцлөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг үйлчилгээний газрууд болон нийтийн тээвэр, авто замын постуудад тавьсан. Нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлдэг газруудад хяналт тавин ажиллаж байна” гэлээ.