ЭМЯ: "Худал мэдээлэл вирусаас ч хүчтэй байна"
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус буюу Ковид 19-ын халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар болон цахим сүлжээгээр түгсэн ташаа мэдээлэл тарааж байгаа асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Шинэ коронавирусын халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдэж, өвчлөл огцом нэмэгдсэн. Тиймээс лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй худал мэдээлэл олон нийтэд цацах явдал гарч байна. Өчигдөр 21:00 цагаас эхлээд хүмүүсийг амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа. Дахин ийм ташаа мэдээлэл тараах оролдлого гаргахгүйг хичээж иргэд ухамсартай байхыг хүсье. Бодит мэдээллийг албан эх сурвалжаас заавал авна уу." гэж хэлсэн юм.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат: "Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна." гэлээ.