Баярын өдрүүдээр орон нутгийн замыг хаахаас аргагүйд хүрнэ
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл гарахаас зайлсхийж улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга хошууч, генарал Т.Бадрал мэдээлэл хийлээ.Тэрбээр: “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. Хэрэв шаардлагатай бол орон нутгийн зам хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэж бодож байна. Гэхдээ тодорхой шийдвэр баттай гараагүй байгаа.Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын түвшинд сул байгаад байна. Малчид цагаан сар тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан суман дээрх шийдвэрийг яаралтай гаргаж, зохих арга хэмжээг авч ажиллана гэж бодож байна.
Одоо ерөнхийдөө урагшаа чиглэлтэй замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана. Иймд олон нийт та бүхэн өөрийгөө болон бусдыг хүндэтгэж, сар шинийн баяраар хөдөө орон нутаг руу аль болох зорчихгүй байх, хаасан замаар явахгүй байхыг анхааруулж байна. Хөл хөдөлгөөнийг хорьсон учир олноор хамрагдах үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд зохион байгуулахыг мөн хатуу хориглож байгаа.
Харин МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц хамба Ганданд битүүний өдөр ном хурна гэж мэдээлсэн талаар сэтгүүлчид асууж байна. Үндсэн хуульд "Шашин төрөө хүндэлнэ. Төр нь шашнаа дээдэлнэ" хэмээн тусгасан байдаг. Тийм учраас энэ мэдэгдэлдээ Гандантэгчэнлин хийдийн зүгээс залруулга хийнэ байх гэж найдаж байна. Бид албан шаардлагаа хүргүүлчихсэн байгаа. Тиймээс та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү” гэлээ.