Улаанбаатарын хүмүүс: Цомхон цагаан сар
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар 2019 оны арванхоёрдугаар сард бүртгэгдсэнээс хойш дэлхийн олон улсад тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол төгс хэмээх төмөр
хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргасан. Түүнчлэн БНХАУ цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Улмаар иргэдийн хөдөлгөөн, бөөгнөрөл нь уг өвчнийг олон мужаар дамжин дэлхий дахинд тархахад нөлөөлсөн гэж үзсэн.
Бид цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Б.Батмөнх /Баянзүрх дүүргийн иргэн. 75 нас/
“Энэ жилийн цагаан сараа Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэхээр төлөвлөсөн. Тиймээс гэртээ хөгшинтэйгөө ёслоод өнгөрнө. Хүүхдүүд өөр өөр дүүрэгт амьдардаг. Тэдэндээ цагаан
сараар битгий ир, гэртээ ёслоорой, дараа цаг дулаан, сайхан болохоор уулзая гэж байгаа. Хөгшинтэйгөө цагаан сарын өглөө гэртээ хуучин монгол ёсоороо цай, сүүний дээжээ бурхандаа өргөн тавгийн идээгээ тавина. Энэ жил ууц тавихгүй хөнгөн тэмдэглэнэ. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас энэ жил хөл хорио тогтоон цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглож байгааг маш сайн ойлгож, дэмжиж байгаа. Намайг идэр залуу байхад малчдын баяр гээд цагаан сар тэмдэглэхийг нэг хэсэг хорьдог байлаа. Тэр үед төрөлх Дорноговь аймгийн төвд сургууль төгсөөд ирсэн залуу байсан болохоор шинэ жилээр шинэ оноо угтаад өнгөрдөг байсан.
Аймгийн төвдөө олон жил ажилласан даа. Харин хоёрдугаар сард цагаан сар болохоор хөдөөгийн малчид нэгдэлчдийн баяр гэж тэмдэглэдэг байлаа. Тухайн үед бас л нууцгайгаар хөгшид рүүгээ гүйдэг үе байлаа. Хэрвээ цагаан сар тэмдэглэж байгаад баригдвал бангадуулдаг, хурлаар хүртэл ордог байсан үе. Харин надад тийм зүйл тохиолдож байсангүй.
Хуучин цагт цагаан сарыг хүмүүс уламжлал ёсоор цомхон сайхан тэмдэглээд өнгөрөөдөг байсан. Би тэр уламжлалыг дэмждэг. Түүнээс биш том, том ууц, өвчүү тавин, том таваг засахыг зохисгүй гэж боддог учраас би идээ, шүүсээ тэгж засдаггүй. Үүнийг буруушаадаг хүн. Миний бага залууд цагаан сараар бэлгэнд ул боов, сахар, дэвтэр, харандаа өгдөг байсан. Хамгийн ойр дотнын хүмүүстээ оймс, үзэг өгнө тэр нь ч тийм элбэг биш олдоггүй байлаа. Би цагаан сараар хүүхдүүддээ хэрэгтэй шаардлагатай зүйлийг нь эртнээс харж судлаад барьдаг. Түүнээс биш дайралдсанаа май гэх дургүй. Цагаан сарын бэлгэнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин бэлэг сонгох хэрэгтэй гэж боддог. Монголчуудынхаа гарын ураа гарган урласан зүйлсийг дэмжин, хөхүүлж байх хэрэгтэй гэдэгт 100 хувь санал нэгтэй байдаг хүн.
Хотод нүүж ирээд 20-иод жил боллоо. Анх Улаанбаатарт нүүж ирэхэд утаагүй сайхан байлаа. Сүүл рүүгээ ч утаа улам ихсээд хэцүүхэн болсон ч өнгөрсөн онд Засгийн газар нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй гэсэн тогтоол гаргасан. Түүний үр дүнд энэ жил утаа, тортоггүй гайгүй, хуучин шиг хоолой, ам хорсгохгүй байна шүү.
Б.Дулмаа /Сонгинохайрхан дүүргийн иргэн. 40 нас/
Энэ жил захирамж гарсантайхолбогдуулаад цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Зөвхөн гэртээ идээ засан буузаа чанаж идэн гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэнэ. Би Завхан аймагт төрж өссөн. Эхээс наймуулаа. Манайхан ихэнх нь хотод суурьшсан. Хөдөө хоёр эгч, хүргэн ах маань бий. Өнгөрсөн жилүүдэд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Бүгд л шинэ дээл хийж өмсөнө. Харин энэ жил хөл хорио, короновирусийн тархалтын мэдээ мэдээллийг байнга харж сонсож байгаа. Хэрвээ цагаан сарын үеэр халдвар гараагүй гэвэл төрсөн ах, дүүс дээрээ очиж золгоно. Хэрвээ халдвар гарвал очиж золгох боломжгүй, ах дүүсээрээ хүрэх учраас золголт хийхгүй л гэж бодож байгаа.Гэхдээ цагаан сар тэмдэглэхгүй гэдэг захирамж их оройтож гарсан. Тиймээс ихэнх хүмүүс цагаан сарын буузны мах, ууц, шүүс, тавгийн идээгээ бэлдсэн
байх гэж бодож байна.
Хөгшчүүл дөнгөж тэтгэврийн мөнгө буухад л цагаан сарын бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Манай гэр бүлийн хувьд ам бүл 6, цагаан сарын буузны мах, гурилаа аваад бэлдсэн. Тавгийн идээ, бусад зүйлээ бэлдээгүй ээ.
Миний мэргэжил оёдолчин. Мэргэжлээрээ 10 гаран жил ажиллаж байна. Сүүлийн гурван жил Урт цагаан дээр оёдлын засвар үйлчилгээ үзүүлж байгаа. Урт цагаан оёдол, засвар үйлчилгээний төвлөрсөн цэг учраас
хүний хөл хөдөлгөөн ихтэй, харилцагч, үйлчлүүлэгч олонтой газар. Цагаан сарыг тэмдэглэхгүй гэсэнтэй холбогдуулаад оёдлын ажлууд багассан. Иргэдийн хөдөлгөөн ч эрс багассан шүү.
Х.Мөнх-Эрдэнэ /24 нас/
Цагаан сараар ажилтай таарч байгаа. Би говьд ажилладаг. Энэ жилийн цагаан сарыг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ. Эгч тусдаа ганцаараа амьдардаг учраас гэрээсээ гарахгүй ээ. Цагаан сар тэмдэглэхгүй учраас энэ жил тавгийн идээ, бэлэг бэлдээгүй.
Цагаан сар гаднынхнаар бол Зул сарын баяр гэдэг шиг их чухал баяр гэж боддог. Хамаатан, садантайгаа уулзаж учран золгодог учраас цагаан сар миний хувьд том баяр. Түүнээс биш тийм байх ёстой, ийм байх
ёстой гээд хайрцагт оруулах талаас нь хэлж мэдэхгүй байна.
Одоо үүсээд байгаа нөхцөл байдалкороновирусийн талаарх мэдээ мэдээллийг гаднын цахим сайтуудаас илүүтэй авдаг. Монголын талаас яамдуудын цахим хуудсыг харан ийм мэдээлэл байгаа юм байна харахаас бусдаар ач холбогдол өгдөггүй. Цахим орчинд өрнөж байгааг мэдээ мэдээллийг ерөнхийд нь уншаад л өнгөрдөг. Мэдээллийн доор байгаа сэтгэгдлийг харна. Аль нэг талд нь орох гэхээсээ илүүтэй уншаад энэ хүмүүс иймэрхүү зүйл бодож байгаа юм байна, нөгөө талаас бид үүнд заавал оролцоод байх шаардлагагүй гэж боддог.
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл