БНХАУ руу гуравдугаар сарын 2-ноос хойш нүүрс тээвэрлэнэ
Улсын онцгой комиссын хуралдаанаар БНХАУ руу нүүрс тээвэрлэлт хийх асуудлыг хэлэлцжээ. Манай улс урд хөрштэй хиллэдэг боомтуудаа хааж, нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоогоод байсан юм. Тэгвэл Улсын онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ноос хойш урд хөрш рүү нүүрс, газрын тос тээвэрлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Энэ асуудлыг Байнгын хороо болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос хойш хэвийн явуулах бэлтгэлийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг, чиглэл өгч байна. Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэгдсэн удирдлага зохицуулалтад оруулж ажиллах, улс хоорондын галт тэрэг, авто замын болон төмөр замын ажилтнуудын эрүүл мэнд, ариутгал, халдваргүйтгэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо. Мөн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах байр, шаардлагатай хэрэгслүүдээр хангаж ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон. Хятадын талаас гуравдугаар сарын 2-ноос хоол үйлчилгээ зэрэг газрууд хэвийн ажиллана гэсэн хариу өгсөн байна. Тиймээс нүүрс, газрын тос тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос сэргээх нь зүйтэй гэж үзэн ийм шийдвэр гаргаж байна” гэсэн юм.