Тавантолгойн нүүрсийг чингэлгээр хэрэглэгчид хүргэнэ
Тавантолгойн нүүрсийг уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын бүс хүртэл, түүнээс цааш Гашуунсухайт-Ганц мод боомт чиглэлд авто замаар хэд хэдэн дамжлагатай тээвэрлэж ирсэн. Гэвч задгай тэвшин дээрх нүүрсийг ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 кг нүүрс хорогддог. Энэхүү хорогдлыг багасгаж, нүүрсийг уурхайгаас шууд хэрэглэгчид хүргэх зорилготой "Чингэлэгт нүүрс тээвэрлэлт"-ийн нээлт энэ сарын 4-ний өдөр Тавантолгой- Гашуунсухайт авто замын 30 дахь км-т боллоо.
Ингэснээр нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлж, эцсийн хэрэглэгчид хүргэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал мэдэгдэхүйц буурч, ачилт, буулгалтаас шалтгаалсан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасаж, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтайн дээр уурхайгаас эцсийн хэрэглэгч хүртэлх тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгаагаараа онцлогтой.
ЗТХЯ, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ өнгөрсөн зургаадугаар сараас “Чингэлэгт нүүрс тээвэрлэлт”-ийг эхлүүлэхийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Үүний дагуу 10 гаруй аж ахуй нэгж чингэлэгт тээвэрлэлт хийж байгаа бөгөөд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК “Чингэлэгт нүүрс тээвэрлэлт”-ийн албан ёсны нээлтийг зохион байгуулжээ.
Нээлтэд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын дарга Г.Гантулга, АТҮТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга С.Ганболд, Синотрак групп компанийн Орос, Монгол болон Азийн зах зээл хариуцсан захирал Зао Хуа, "АОДЭ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Начин нар оролцсон байна.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь үндэсний хөрөнгө оруулалттай 17 гишүүн компанийн 1000 гаруй ажилтан, 550 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй манай улсын авто тээвэр, логистикийн хамгийн том нэгдэл юм. Тус компани улсын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, тээврийн компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, экспорт, импортын болон орон нутаг, олон улсын транзит тээврийг цогц байдлаар хөгжүүлэхийг зорьж байгаа аж.