Гахай жилийн 10 хар үйл явдал
1.Саарал жагсаалт
Өнгөрч буй 2019 оны хамгийн таагүй үйл явдлуудын нэг нь Монгол Улс ФАТФ-ийн сааралт жагсаалтад орсон явдал байв. Монгол Улсын олон улс дахь нэр хүнд унаж, гаднын хөрөнгө оруулалт багасах эрсдэл үүссэн.
Тухайлбал, дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж буй юм.
Сааралт жагсаалтад орсон шалтгаан нь өнөөгийн улстөрчидтэй шууд холбоотой ч хариуцлагыг Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт үүрүүлж албан тушаалаас нь огцруулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж нар ямар ч зэм, шийтгэл хүртээгүй үлдэв.
2.Эрүүдэн шүүдэг Монгол
Гурван шатны шүүхээс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 476 өдөр эрүүдэн шүүсэн бичлэгээс 27 минутын бичлэг нь задарч нийгэмд шуугиан тарьсан. Хоригдогчдыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд хулгана жилд ч энэ хэрэг цааш хөврөх бололтой.
3.Оюутолгойн гэрээг 10 жилийн дараа ашиггүй гэв
Оюунтолгойн гэрээ ашигтай, ашиггүй гэх мэтгэлцээнийг МҮОНТ-ээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт нар хийж байв. Их л олон оронтой тоо модуль, хувьсагч ярьж мэтгэлцэгч С.Ганбаатарыгаа "доош нь хийж байсан" экс сайд асан С.Баярцогт өдгөө гэмт хэрэгтний хэмжээнд тооцогдож буй.
Үндэсний аудитын газраас гэрээтэй холбоотой хийсэн аудит, УИХ-аас томилсон ажлын хэсгийн дүгнэлт гэх зэргээр Оюутолгойн гэрээтэй холбоотой эдгээр хяналт шалгалт, ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тоймтой тодорхой мэдээллийг ард иргэдэд өгөөгүй ч гэрээ алдаатай болсныг 10 жилийн дараа хүлээн зөвшөөрсөн.
4.Хятад 800 орчим иргэнийг нэг шөнө баривчлав
БНХАУ-ын иргэд Монгол Улсад бага багаар нэвтэрсээр 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 793-д хүрсэн байсныг Тагнуулын ерөнхий газраас саатуулж, улмаар БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэ нь өнгөрөгч гахай жилийн дуулиант явдлуудын нэг байсан төдийгүй тэдгээр иргэд Монгол Улсад цахим болон мөнгө угаах зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн байдаг бөгөөд 646 нь жуулчин, 147 нь бизнесс ангиллын визээр орж ирсэн байдаг.
5.Хар тамхи зөөсөн Монгол дипломатч
Хилийн чанадад эх орноо төлөөлөн сууж байсан дипломат албаныхан хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Тодруулбал, Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул, жолооч хоёр өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай, суудлын автомашинаар 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад Германы улсын гааль, цагдаагийнханд саатуулагдсан. Мөн нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбат жолооч Э.Оргилын хамт 150 мянган ширхэг сэтгэцэд нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг тээвэрлэж яваад баривчлагдсан гэх зэргээр Монголын дипломатууд дэлхийд шившгээ дэлгэсэн.
6.Салхитын орд ба 1.3 сая долларын авлига
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордтой Монголын хууль хяналтын байгууллагынхан, зургаан шүүгч холбогдсон байдаг. Шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авилга өгөх хэмжээнд хүрсэн энэ асуудал Монголын шүүх байгууллагын ялзрал, шүүгчдийн авлигад идэгдсэн тод жишээ гэж нийгэм харж байгаа.
7.ЖДҮ-гийн хэрэг
МАН-ынхантай холбоотой ЖДҮ-гийн хэмээх хэргийн мөнгөн дүн 60 тэрбум орчим гэдэг. Тодруулбал, АТГ-аас 2019 оны дөрөвдүгээр сард УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой ЖДҮ-гийн хэмээх хэргийг шалгаад заримыг нь хааж шийдвэрлэх санал гаргасан байдаг. ЖДҮ-гээс хулгай хийсэн нөхөд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 33, албан тушаалтантай хамаарал бүхий 14 иргэн, аж ахуйн нэгж байгааг тогтоож, уг аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг тогтоосон байдаг.
8.Амь авч одсон үйлдлүүд
“Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нуралт болж дөрвөн алтан амь дарагдсан. Компанийн эздийн шуналаас үүдсэн гэх ч "мэргэжлийн хүмүүс, инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй" гэх дүгнэлт гаргасан байдаг. Эл байдлаас үүдэн УУХҮ-ийн сайд тус компанийн зөвшөөрлийг цуцалсан ч тухайн компани нэрээ сольж "Бүрдэл майнин" болон “томорсон” нь Монголдхууль хүчний байгууллага мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдгийг тод харуулсан хэргүүдийн нэг байв.
Мөн харамсаад барамгүй нэг хар хэрэг бол хүний орчлонд ирээд 10-хан жилийг үдсэн хүү аавынхаа гарт амьсгал хураасан хэрэг. Санаатайгаар бус санамсар болгоомжгүйн улмаас хүүгийнхээ амьдралд цэг тавьсан аав шаналахын дээдээр шаналж байгаа нь мэдээж. Энэ хэргийн шалтгаан нь ердөө "муухай бичсэн" явдал байв. Гахай жилийн хамгийн сүүлчийн муу мэдээ бол хүний хань, хүүхдийн ээж нэгэн танхил бүсгүй төрийн албаныхны зах замбараагүй архидан согтууралтын золиос болж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн явдал байлаа.
9.Дарханы зам ба луйвар
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн 16 иргэн амь насаа алдаад байгаа юм. Түүнийг олон нийт төрийн ажилд хүнийрхүү сэтгэлээр хандсанаас болж иргэд амь насаараа хохирсон гэж үзэж буй юм. Дарханы замыг хуулж хаяж хажуугаар нь түр зам хийсэн ч тэр нь мөнгө угаах луйврын хэрэг болчхоод байгаа юм. Иргэд ослын улмаас амь насаа алдсан эл хэргийг Дарханы замыг хугацаанд нь оруулаагүй хариуцлагагүй сайдтай холбохоос өөр аргагүй юм.
10. Цэцийн дарга өгзөгний хэргээр Монголыг гутаав
Цэцийн дээр хөх тэнгэр гэдгийг ташаа ойлгосон Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр “Кореан айр” компанийн онгоцонд үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрснээр иргэнээ хамгаалдаг, эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг Солонгосчуудын эгдүүцлийг хүргэв. Төрийн ажлаар яваад буцаж ирэхэд нь түнийг Инчоны олон улсын нисэх буудалд саатуулан торгосон.
Монгол Улс, монголчуудынхаа нэр хүндийг Цэцийн халамцуу дарга хуял тачаалтайгаа хутгаж, гутаасан ч Монголын томчуудад хууль үйлчилдэггүйг тэр бас л нотолсон билээ.