Хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлүүдийг илрүүллээ
Экологийн Цагдаагийн албаны алба хаагчид 280 гаруй сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлсэн байна.
Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт албан томилолтоор ажилласан байна.
Хяналт, шалгалтаар ажиллах хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаар, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжилтийг шалгаж, аж ахуйн нэгж, нөхөрлөл, тэдний ашиглаж байгаа техник хэрэгслийг судалгааг гаргаж, зохих зөвшөөрөлгүй болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 280.130.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлжээ.
Ингээд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулж эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 2, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл 3, баримт бичиг 5-ыг тус тус хураан авч харьяаллаар хүлээлгэн өгсөн байна.