Сэрэмжлүүлэг: Дээрмийн хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү
2020.02.10-ны өдөр 11 цагийн орчимд БГД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэгт оршин суух 32 настай эмэгтэй А-гийн гар утсыг тодорхой оршин суух хаяггүй 46 настай эрэгтэй О гэгч нь айлган сүрдүүлж дээрэмдсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг саатуулан шалгаж байна.
Мөн 2020.02.11-ний шөнө 01:40 цагийн орчимд БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 34 настай эрэгтэй А-г үл таних 5 залуу айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмдсэн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 16 настай эрэгтэй С, 16 настай Т нар нь бусадтай бүлэглэн үйлдснийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоож, сэжигтэй этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлж, боломжтой тохиолдолд ганц нэгээрээ харанхуй, хүнгүй газраар явахаас зайлсхийж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.