В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй
ТАСС агентлаг “Владимир Путинд зориулсан 20 асуулт” тусгай төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү төсөл нь В.Путиний төр, засгийн эрхийг гартаа авсан хорин жилийн үр дүнг нэгтгэх зорилготой юм. Тэрбээр 2000 оны гуравдугаар сарын 26-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анхны ялалтаа байгуулсан билээ. Кремлийн тэргүүний ярилцлага гурван цаг үргэлжлэх бөгөөд Орост дундаж давхарга байдаг уу, Ерөнхийлөгчид сөрөг хүчин хэрэгтэй юү, армийн зардал өсөхөд юу нөлөөлсөн бэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал болгож буй сэдэв, Засгийн газрыг яаран огцруулсан шалтгаан, Д.Медведев, М.Мишустин нартай ямар харилцаатай байгаа талаар ярилцсан байна. Мөн Ерөнхийлөгч байхын жаргал, зовлон, өнгөрсөн 20 жилийн хугацаанд гаргасан хамгийн чухал шийдвэр, түүний ихэр буюу орлон тогпогч байдаг эсэх, “хаан”, “ард түмний зарц” хоёрт ялгаа бий юу, эмэгтэйчүүдийн тухай бодол зэрэг чөлөөт сэдвээр В.Путин үзэл бодлоо илэрхийлжээ. ТАСС агентлагийн гүйцэтгэх захирал С.Михайлов “В.Путинтэй хийсэн ярилцлагыг нэмэлт график ашиглан чанарын өндөр түвшинд зураг авсан. Энэ түүхэн төслийг манай агентлаг хэрэгжүүлсэндээ баяртай байна" гэсэн байна. Кремлийн тэргүүний сэтгүүлч Андрей Ванденкотой хийсэн ярилцпагыг ТАСС агентлагийн сайтад хэсэгчлэн байрлуулах бөгөөд ирэх сарын 26-нд бүрэн эхээр нь англи, орос хэлээр араб, хятад хадмалтай нийтлэх юм.
-Парламентад илгээсэн мэдэгдлийнхээ дараа та Д.Медведевийн танхимыг огцруулсан. Таныг энэ талаар түүнтэй өмнө нь тохиролцсон байсан гэх яриа үнэн үү?
-Би Дмитрий Анатольевичтой нээлттэй, найрсаг харилцаатай байдаг. Бидний дунд ямар ч нууц байхгүй. Тиймээс энэ талаар түүнтэй урьдаар ярилцаж, тохиролцсон бөгөөд Медведев ямар албан тушаалд очихоо мэдэж байсан. Гэхдээ Засгийн газраа өөрчлөх төлөвлөгөөгөө олон нийтэд зарлаагүй байсан юм. Д.Медведевийн Засгийн газрын гишүүд үндэсний төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн үе шатыг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин “Ерөнхийлөгч кабинетыг огцруулах тусгай ажиллагаа зохион байгуулсан” гэх яриа үндэслэлгүй. Засгийн газрыг огцруулаад хагас жилийн дараа дахин бүрэлдүүлбэл, улс оронд юу болох талаар төсөөлсөн үү. Орос бол Бельги шиг Засгийн газаргүй бүтэн жил байх улс биш. Алхам бүрийг бодож, бэлтгэлтэй байж, дараа нь шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ёстой.
-Аюулгүй байдлын зөвлөлийн орлогчоор Д.Медведевийг яаран томилсон шалтгаан юу байв. Засгийн газрын тэргүүнээр Холбооны татварын албаны дарга асан Михаил Мишустиныг томилох саналыг хэн гаргасан юм бэ?
-Михаил Владимировичийг Оросын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Төрийн Дум баталсны дараа томилох зарлигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайдын албан тушаалд гурван хүн санал болгоход Михаил Мишустиний нэр байгаагүй юм. Үнэндээ надаас бусад нь Михаил Владимировичийг дурдаагүй. Би түүнийг Оросын Засгийн газрыг тэргүүлэх чадвартай гэж үзсэн. Ингэхдээ Мишустиний Холбооны татварын албаны дарга байхдаа хэрэгжүүлсэн ажлын үр дүнг харгалзсан юм. Тэрбээр албан тушаалд шунадаггүй, ажилдаа хариуцлагатай, шинэ зүйл хийхийг эрмэлздэг. Мөн туршлагатай, сайн төрийн түшээ. Ганцхан жишээ дурдахад, татвар төлөгчдийн нөхцөл байдлыг хөнгөвчлөх, энэ журмыг илүү нээлттэй, ойлгомжтой болгох ажлыг Мишустин л хийсэн. Шударга татвар төлөгч л Засгийн хөрөнгийг үр ашигтай зарцуулдаг. Тэрбээр Ерөнхий сайдын албыг нэр төртэй хашина гэдэгт итгэлтэй байна.
Мэдрэмж бодит амьдралаас ялгаатай. Аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийн шууд харьяанд байдаг. Гэхдээ Дмитрий Анатольевичид зориулж шинэ орон тоо гаргаж, яаран томилсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Энэ бол хуулийн дагуу томилгоо, ер бусын зүйл байхгүй.
-Михаил Мишустин танхимаа бүрдүүлэхдээ тантай зөвлөлдсөн үү?
-Засгийн газрын нөлөө бүхий албан тушаалыг хашихын тулд олны танил байх шаардлагагүй. Михаил Владимирович танхимаа байгуулахдаа надтай зөвшилцсөн. Кремлийн зарим албан тушаалтныг сайдаар томилсон нь гэнэтийн явдал биш. Тэд бичиг үсэгт тайлагдсан хүмүүс. Бас ажилдаа мэргэшсэн төрийн албан хаагчид юм.
-Сайд нарын шинэ бүрэлдэхүүнд Кремльд дээд алба хашиж байсан эрхмүүд ч багтсан гэж шүүмжлээд байгаа. Тиймээс Засгийн газрын түвшинд үндэсний төслийг хэрэгжүүлэх ажлыг Кремльд бэлтгэсэн хүмүүст хүлээлгэж өглөө гэж ойлгож болох уу?
-Эргэлзээтэй хэд хэдэн нэр дэвшигч байсан. Гэхдээ Михаил Владимирович санал болгосон хүмүүсийнхээ мэргэжлийн чадавхид эргэлзэх хэрэггүй гэсэн. Би ч түүнтэй санал нэгдсэн юм. Түүний баг ямар байх нь бус хэрхэн ажиллах нь чухал шүү дээ. Эцсийн дүндээ энэ нь Орос улсад хэрэгтэй. Одоогийн сайд нарын олонх нь үндэсний төслийг боловсруулж, улсынхаа хөгжлийн зорилгыг тодорхойлох чадвартай.
Үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар нэг минут ч амрах эрхгүй. Надад аугаа Орос орон хэрэгтэй.
-Үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Бид үндэсний төслүүдийн талаар ярьдаг ч энэ талаарх мэдээлэл иргэдэд хангалтгүй байна. Орос улсыг 2024 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндэсний зорилго, стратегийн зорилтын тухай шинэ төслүүдийг 2018 онд эхлүүлсэн. Одоо улс орон экологи, хотын орчин, мөн олон улстай түншилж хорших зэрэг асуудлыг хөндөж, сонирхлын хүрээ өргөжин тэлсэн билээ. “Хүний капитал”-ыг өсгөх хөтөлбөрүүд буюу орон сууцны нөхцөл сайжруулах, төсвийнхний цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрх барих байгууллагуудын ажлыг боловсронгуй болгох, батлан хамгаалах чадвар, үндэстэн хоорондын зөвшилцлийг бэхжүүлэх, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хамарсан хэд хэдэн баримт бичгийг баталсан. Эдийн засагт улс төрийн сэдэлтэй хязгаарлалтаас ангижрах шаардлагатай. Энэ нь дэлхийн худалдаа, эдийн засагт асар их хохирол учруулна. Улс орны эдийн засаг гадаад цочролд дасан зохицсон, үндэсний валют нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн ханшийн боломжит хэлбэлзэлтэй холбоотойгоор илүү тогтвортой болсон. Энэ утгаараа Оросын эдийн засаг, үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн газрын тосны зах зээлээс тодорхой хэмжээгээр салж байна. Хэдийгээр сүүлийн 20 жилийн хугацаанд Орос улс маш их өөрчлөгдсөн боловч тус улсын шийдэх ёстой хамгийн гол асуудал нь ядууралтай тэмцэх явдал юм. Хүн амын бодит орлого буурсныг хөдөлмөрийн бүтээмж, ДНБ-ийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх хэрэгтэй. Жирийн иргэн сард 10800 рублиэр амьдрах хэцүү. Бид хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Бидэнд тулгарч байгаа олон асуудал бүр Зөвлөлтийн үеэс угшилтай. Эрүүлийг хамгаалах салбарт өч төчнөөн хүндрэлтэй асуудал хуримтлагдсан байснаас нэлээдийг нь шийдэж чадсан. Ерөнхий практик чадвартай эмч нар бий болж, зүрх судасны мэс заслын төвүүдийг барьж байгууллаа. Төр засаг чадах бүхнээ хийж байна.
-Ерөнхийлөгч байхын жаргал, зовлонгоос хуваалцана уу?
-Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаанд улс орныхоо төлөө хийсэн зүйлийг нь хүмүүс ирээдүйд үнэлнэ. Магадгүй, ямар нэгэн зүйлийг хийж чадаагүй байж болохыг үгүйсгэсэнгүй. Төрийн тэргүүн байх хугацаанд тохиосон хамгийн хүнд үйл явдал бол Беслан, Дубровкад болсон халдлагууд байсан. Энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй.
-В.Путин гэх алдрыг орчин үеийн Оросын төдийгүй дэлхийн түүхэнд үлдээх нэгэн чухал үйл явдал Крымд 2014 онд болж өнгөрсөн. “Крымын хавар”-ыг хэрхэн тодорхойлох вэ?
-Киевт төрийн эргэлт гарсны дараа Крымын оршин суугчид өөрсдийгөө хамгаалах, дараа нь ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг Москвагаас хүссэн. Би тэдний үгийг сонсож хүлээж авсан. ОХУ-тай нэгдэхийн төлөө ард нийтийн санал асуулга ч болсон. Харин Крымын Бүгд найрамдах улс болон Севастополь хотыг Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд Кремлийн ордны Георгиевийн танхимд гарын үсэг зурснаар “хөлөг онгоц төрөлх зогсоолдоо эргэж ирсэн” юм. Барууны орнуудын хориг арга хэмжээ шил даран үргэлжиллээ. Хязгаарлах арга хэмжээний үр нөлөө ямар ч байсан Крымын хойг хаана хамаарах асуудал эргэлт буцалтгүй шийдэгдсэн.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин