Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагчийг нэмэлтээр томиллоо
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил үүссэн нөхцөл байдлын талаарх 12.00 цагийн мэдээлэл өглөө. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хувьд зохион байгуулалт сайтай, салбар дундын оролцоог сайн хангаж ажиллаж байна гэж Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг дүгнэжээ.
Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 81 монгол иргэн байгаагаас гурван хүнийг сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 78 иргэнийг Алтанбулаг болон Сүхбаатар сумын ажиглалтын байруудад тусгаарласан байна. Ажиглалтад хүүхэд долоо, жирэмсэн эх хоёр, 60-аас дээш настай ахмад настан хоёр байгаа аж. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сэжигтэй болон ажиглалтад 16 хүнийг тусгаарласны ес нь эрэгтэй, долоо нь эмэгтэй, бага насны нэг хүүхэд байна. Нийт дөрвөн удаагийн давтамжтай 16 сорьцыг ХӨСҮТ-ийн томуугийн лабораторид хүргүүлснээс 13 хүний хариу сөрөг гарч, гурван хариу хүлээгдэж байгаа юм байна.
Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Солонгос, Япон улсаас ОХУ-аар дамжин эх орондоо ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн тул Солонгос, Япон, Итали, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулж 14 хоног тусгаарлан ажиллах ажээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд Солонгос улсаас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байгаа тул улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт ажиглалтад тусгаарлах эмнэлгийн ор дэлгэх шаардлагатай гэж үзэж, Дархан-Уул аймагт бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд 3 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос 9 том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч оройн 19.10 цагт улсын хилээр нэвтрүүлж, хяналт тандалт хийн Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүллээ. Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 3 дугаар сарын 02-ны 22.30 цагт ирж хилийн Мэргэжлийн хяналтын албаны байцаагчид хяналт тандалтыг хийснээр 10 зорчигчийг Дархан-Уул аймагт, нэг зорчигчийг Сэлэнгэ аймагт ажиглалтад авч тусгаарлах байранд хүргүүллээ. Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагч Улаанбаатар хотоос томилогдон ирж ажиллаж байна.
"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32, МХГ-ын 5, Зооноз өвчин судлалын төвийн 8 албан хаагч Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 64 эмч, сувилагч, жолооч нар тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас 7 цэгт 16 албан хаагч ажиллаж байна.
Мөн Чөлөөт бүсийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 11 хүртэл түр хааж байгаа аж. Мөн ОХУ-аас орж ирж байгаа иргэдийг чөлөөтэй авч нэвтрүүлж байна. Сэлэнгэ аймгаас ОХУ руу очиж авах асуудал одоо байхгүй байгаа. Энэ хүнд цаг үед олон сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагууд хандив тусламжийг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон, Сүхбаатар сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллага мөнгөн тусламж хандивлаад байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивын мэдээллийг өдөр өдөрт нь та бүхэндээ өгч байх болно. Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байна.
Montsame.mn