Д.Өлзий-Орших: Хүү минь гитар тоглож эхэлсэн
“Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, “Никитон” хамтлагийн гитарчин, ая зохиогч, продюссер Д.Өлзий-Орших “Чи над шиг дурлаж чадах уу” тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. Тэрээр алтан үеийн хит дуунууд гэгддэг “Хайрын бурхан”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Эрчүүд” дууны аяыг зохиосон гэдгээр нь хүмүүс мэддэг.
-Саяхан “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн “Би чиний хайртай бүсгүй” гэсэн шинэ уран бүтээл цацагдлаа. Таны тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа сонсогчиддоо ямар бэлэг барих гэж байна?
-Аяыг нь зохиосон дуунуудаас бүрдсэн “Чи над шиг дурлаж чадах уу” амьд хөгжмийн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр болох гэж байна. Тоглолтод сонсогчдод хүрчихсэн хуучны дуунуудаас гадна шинэ бүтээлүүд дуулагдана. Хоёр хоногийн өмнө “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн дуулсан “Би чиний хайртай бүсгүй” дууны клип олны хүртээл боллоо. Мөн “Мотив” хамтлагийнхан 1994 онд зохиосон “Үгүйлэх сэтгэл” дууны найруулгыг шинэчилж, клипжүүлж миний тоглолтод бэлэг барьж байгаад баяртай байна. “Никитон” болон Монголын шилдэг хөгжимчдийн баг хамтран тоглолтыг зохион байгуулж байна. Мөн Монголын рок попын шилдгүүдээс гадна дуучин Наки, Анхмаа гэсэн эрч хүчтэй шижигнэсэн залуу уран бүтээлчид оролцож байгаа учир мартагдашгүй, сайхан өдрийг бэлэглэнэ гэдэгт итгэж байна. Би тоглолт эхлээд дуусах хүртэл тайзан дээр хөгжмөө тоглоод л зогсоно доо. Ихэнх ая зохиогч тоглолт хийхдээ ямар нэгэн дууны нэрээр нэрлэдэг. “Чи над шиг дурлаж чадах уу” бол “Никитон” хамтлагтаа зориулж бичсэн хамгийн анхны дуу юм. Урлагт амьдарсан хугацаанд хамгийн олон жил хамт тайзан дээр гарсан хамтлаг болохоор энэ дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэвэл зүйтэй юм болов уу гэж бодсон. Хайрын дууг олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. Тиймээс миний зохиосон хайрын дуунуудын ертөнцөөр аялаарай.
-Анх тайзан дээр гитартайгаа гарч байснаас хойш олон жил өнгөрч. Тэр үеийн сандрал догдлол одоо ч мартагдаагүй юу?
-Анх 1985 оны аравдугаар сард тайзан дээр гарч байлаа. Барагцаалбал өдий үе байсан байх. Баригдаад удаагүй, будаг нь ханхалсан шинэхэн Хүүхдийн ордны тайзан дээр улс төрийн дууны “Солонго” хамтлагтай хамт гитараа тоглож байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэр үед манай хамтлаг гурван дуу дуулсан. Эхний дуун дээр миний дунд, ядам хоёр хурууны шөрмөс татаад ерөөсөө тоглож чадаагүй. Манай хамтлаг олон банзан гитартай байсан болохоор мэдэгдээгүй өнгөрсөн дөө. Миний хамгийн их сандарсан нь тэр байх. Тэр цагаас хойш 34 жил өнгөрчээ. Танхим дүүрэн үзэгч зөвхөн чамайг харж байна гэдэг мэдрэмжээр амьдарч ирлээ. Сүүлдээ тэр мэдрэмжээсээ кайф авдаг болчихсон. Танхим дүүрэн үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, хэлж байгаа сайхан үг урлагийн хүмүүст гайхалтай, сайхан мэдрэмжийг бэлэглэдэг.
-Таныг гитаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн анхны гитарыг нь аав тань авч өгч байсан гэсэн. Амьд хөгжмийн тоглолтоо ямар гитараар хөглөх вэ?
-36 төгрөгийн үнэтэй орос банзан гитарыг аав маань 1980 онд авч өгсөн. Тэр гитар миний сандрал догдлол бүхий агшинтай хамт байсан үнэтэй зүйлийн минь нэг яах аргагүй мөн. Харин өөрөө 1995 онд долоон утастай гитар авч байсан. Тухайн үед дөнгөж байгуулагдаж байсан “Голомт” банкнаас зээл аваад гитартай нөхөрлөсөн нь тэр. “Эмон” гэж шөнийн клубт жилээр ажиллах гэрээ хийгээд олсон цалингаа бүгдийг нь гитарныхаа зээлд өгсөн. Өөрийнхөө хүч хөдөлмөр, хүсэл тэмүүллээрээ авч байсан болохоор тэр гитартаа их хайртай. Анх гитартай танилцсан түүх минь энэ. Хамгийн сайхан, мартагдашгүй мөчүүдийг эргэн сануулж байдагт гитарын үнэ цэнэ орших байх гэж бодож байна. Тэр үед нас багаас гадна орос гитар хатуу утастай байсан болохоор сайн тоглож сураагүй. Харин 1984 оноос гитараа эрчимтэй тоглож, илүү дотно нөхөрлөж эхэлсэндээ. 1990-1993 оныг хүртэл өдөрт хамгийн багадаа 12-16 цаг тоглодог байсан. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шиг, тэр үеийн их бэлтгэл гарт ороод үлдчихсэн шүү. Одоо арав гаруй гитартай. Заримыг нь хүүдээ өгчихсөн. Хүү маань гитар тоглоод удаагүй байгаа ч мэдрэмж сайтай нь ажиглагдсан. Тоглолтод 5-6 гитараар тоглоно.
-Та “Никитон”-д орохоосоо өмнө нэлээд хэдэн газар тоглож байсан. Хамгийн анхных нь “Сэтгэмж” билүү?
-“Сэтгэмж” хамтлагаа найзуудтайгаа нийлж 1986 билүү 1987 онд байгуулж байлаа. Тухайн үед болсон Улаанбаатар хотын хамтлагуудын аварга шалгаруулах том уралдаанд оролцоод тайзан дээрээс хөөгдөөд буусан байдаг юм. Учир нь тайзан дээр гараад “Би чамд хайртай” киноны Дэлгэр, Үрлээгийн гэрээс гараад гүйдэг хэсэг дээр явдаг дууг тоглосон. Гэтэл хөрөнгөтний үзэл суртлыг сурталчилсан гэж шүүгчдэд загнуулаад тайзан дээрээс хөөгдсөн түүхтэй. Дараа нь 1989 оноос “Соёмбо”, “Баянмонгол” чуулга, “Хөх тэнгэр”, “Соёл Эрдэнэ” хамтлагт тоглосон. Тэгээд нэг хэсэг жааз хамтлагт тоглоод, “Шар айраг” хамтлагт арваад жил тоглосон. “Никитон” хамтлагтайгаа 2004 оноос өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна даа.
-Тэр үед бараг хүн болгон гитар тоглодог, орц болгон нэг хамтлагтай байсан гэдэг. Та ч бас хамтлаг байгуулж орцондоо дуулж байв уу?
– Улаанбаатар хотын 40, 50 мянгатад миний хүүхэд нас өнгөрсөн. Бидний үед орц болгон хамтлагтай байлаа. Хичээлээ тараад орцонд орж ирэхэд гитар тоглосон залуус, хүүхдүүд сууж байдаг. Тэдний хажуугаар харахгүй өнгөрөх арга байхгүй. Эхлээд харна, сонирхоно, гитарт дурлана сүүлдээ тэдний нэг болдог. Тэгж л гитар тоглох эхлэл тавигддаг байлаа. Манай орцны хамтлаг “Шүлс” нэртэй. Өнөөгийн нөхцөлд орцонд гитар тоглоод сууна гэж байхгүй. Бидний гитар сурч байсан үеийг бодвол интернэт сувгууд гэсэн том багш нар байгаа нь илүү давуу талтай. Гэхдээ миний бодлоор одоогийн хөгжим сонирхож байгаа залуус хурдан сайжрахад юу саад болоод байна гэхээр анхаарал татах зүйл олон болчихсон. Бидний үед зурагтын ганцхан сувагтай. Тэгэхээр өдөржингөө гитар тоглохоос өөр аргагүй байсан юм.
-Нэг ижил ая тоглосон ч гитарчин бүрийн дугаралт өөр байдаг юм шиг ээ?
-Гитарыг хүн болгон өөр өөрөөр тоглодог. Нэг сонгодог зохиолын программыг хийлч тоглолоо гэхэд тэр программаас ямар ч өөр илүү дутуу зүйл байлгах эрхгүй. Харин рок, поп төрлийн гитарчдын тоглодог хэлбэр хүн болгоных өөр. Гитарын дугаралтууд нь хүртэл ондоо. Гитарчин болгон өөрийн өвөрмөц ертөнцийг бүтээж чаддаг. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг тоглодог гитарчид дэлхий дээр хаана ч байхгүй. Дэлхийн том гитарчид бүгд миний багш. Одоо ч гадны ертөнцөд шинээр орж ирж байгаа том гитарчдын бичлэгийг үзэж, яг ямар өнцгөөс нь тоглож байгааг нь ажиглана. Миний бодлоор урлагт хамгийн түрүүнд байх ёстой зүйл бол юу тоглох, ямар дүр бүтээх гэж байгаагаа мэдрэх мэдрэмж юм.
-Таны зохиосон дуу бүр сонсогчдын сэтгэлд хоногшдог. Ер нь ая зохиох техник гэж байдаг юм уу?
-Зохиосон дуу болгон минь тухайн цаг үеийн илэрхийлэл, мэдрэмжээр бүтсэн байдаг. Би өөрийнхөө зохиосон тухайн цаг үеийн илэрхийлэл, мэдрэмж түүхийг өгүүлж байдаг бүх дуундаа хайртай. Уран бүтээл гэж ярих дургүй. Уран бүтээл гэдэг урнаар бүтээнэ гэсэн үг. Тэгэхээр өөрийн дуунуудыг уран бүтээлийн хэмжээнд хүрсэн гэж боддоггүй. Дуу зохиохдоо эхлээд үгийг нь бичээд дараа нь аялгуугаа хийж, тэрэнд зориулсан акортыг бодож олоод хөгжмийн найруулгын шат руу шилжинэ. Үгэнд ая байдаг гэж ярьдаг шиг миний зохиосон үг өөр өөрийн гэсэн аятай. Тэр аялгуу зөв аялагдах юм бол тухайн дуу сонсогчдын сэтгэлд хүрч чадна гэж боддог. Ая зохионо гэдэг хүн бүрийн хийж чаддаг зүйл. Тухайн хүний зохиосон ая хүмүүст таалагдаж байна уу, үгүй юу гэдэгт ялгаа нь байгаа болов уу. Хайр дурлал, сэтгэл хөөрөл гэсэн мэдрэмжээрээ хоёр мөр ч гэсэн холбож, аялж үзээгүй хүн байхгүй байх.
-Продюссерээр ажиллахаар маш том хариуцлага үүрч байна уу?
-Продюссер гэж нэрлээд байгаа болохоос би тэр ажлыг хийдэг хүн биш л дээ. Тоглолт, тэмцээний үед хүмүүстэй хамтарч ажиллах үе байдаг. “Номин талст” хамтлагийн хоёр CD дээр продюссер хийж байсан. Өнгөрсөн жилийн “My Voice” шоуны ялагч Ц.Энгүүнд дунд шатнаас эцсийн шат хүртэл нь зөвлөгөө өгч, продюссерээр нь бага зэрэг ажилласан. Продюссер бол тухайн уран бүтээлчийн бүх зүйлийг хариуцдаг маш хэцүү ажил. Ерөнхий продюссерээр ажиллавал бүр ч хүнд санагддаг. Харин тухайн хэсэг дээр гүйцэтгэх продюссерээр ажиллаж энэ дууг ингэж дуулбал зүгээрдээ гэж зөвлөх маягаар ажиллавал илүү амар байдаг.
П.АмгаланбаярЭх сурвалж: Зууны мэдээ сонин