Мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа АЭХ-ноос хүргүүллээ
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, зорилтот бүлгийнхний саналыг АЭХ-оос боловсруулан нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өглөө.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг цахимаар хүлээн авах аяныг эхлүүлээд байгаа бөгөөд салбар бүрээс ажил хэрэгч саналуудыг ирүүлсээр байна. Эдгээрийн нэг нь АЭХ-ны нэгтгэн, боловсруулсан санал юм.
Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхийлэн, манлайлан ажиллаж байна. Тиймээс ч АЭХ-оос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цалин, орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх олон чухал саналыг мөрийн хөтөлбөрт тусгуулахаар боловсруулжээ.
2012-2016 онд Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд тухайлбал, АЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль , УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг тус тус батлуулж байв. Түүнчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тэтгэвэр, ажилласан жилийг нэмэгдүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулсан зэрэг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд чухал санал, санаачлагууд гаргасныг АЭХ-ны удирдлагууд онцолсон юм.